Үндэсний хэмжээнд "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё" уриалга гарсантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудад "Нэг санаачилга – нэг ажил" аян зохион байгуулагдсан. Нийгэмд ил гарч олныг цочирдуулсан хэргүүд ээлж дараалан гарч байгаа ч үүний цаана аймшигт хүчирхийлэл, ялгаварал, дарамтан дунд амьдарч буй олон гэр бүл, хүүхдүүд манай нийгэмд байсаар байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 92 хүүхэд хүчирхийллийн улмаас амь насаа алдсан аймшигтай бөгөөд харамсалтай тоо байдаг. Мөн Монгол Улсад маань 2 хүүхэд тутмын нэг нь аль нэгэн хэлбэрээр нь хүчирхийлэлд өртөж байна. Монгол орны хүн амийн 60-70% нь хүүхэд залуучууд байдаг гэтэл бидний ирээдүй болсон хүүхдүүд минь өнөөгийн нийгэмд эрх нь маш их зөрчигдөж байна.
Нийтлэг монголчуудын хандлага бол уламжлалт аргаар хүүхдээ хүмүүжүүлнэ гэсэн үүднээс хүүхэдтэй санаатай болон санамсаргүйгээр буруу харилцдаг, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бидэнд зөвтгөх арга байхгүй. Хүүхэд хамгааллын хууль гарсантай холбогдуулан хүүхэд бүр хуулийн дагуу хамгаалагдах эрхтэй. Хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн орчин маш чухал үүрэгтэй. Нэгэнт хүүхдийн өмнө үүрэг хариуцлага хүлээсэн бол хүүхдээ хайрла, битгий үл хайхар, хүүхдээ урамшуулж байх нь бидний хүүхдийнхээ төлөө хийж буй хамгийн чухал зүйл юм.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал үйлдсэн томчууд өөрийгөө хамгаалах чадваргүйг нь далимдуулан бие сэтгэлийн дарамт учруулж, түүнээсээ өөрийгөө чадалтай том хүн гэдгийг мэдрэхийг хүсдэг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Харамсалтай нь өнөөх дарамтлуулж, хүчирхийлүүлж өссөн хүүхдүүд том болоод эргээд л хүчирхийлэгч дарамтлагч болж хувирдаг тохиолдол олон байдаг тул бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудаа хайралж хамгаалцгаая.
Э.Уртнасан /Улаанбаатар хот. “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан/

Сэтгэгдэл ( 0 )