“Нэг цонхны зарчмаар, нэгдсэн зохион байгуулалттай ажилласнаар зөв бодлого гарна” гэв

2016 оны 12 сарын 01

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа болон хэлтсийн дарга, мэргэжилтнүүд Туул голын сав газрын захиргааныхныг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар усны талаар төрөөс баримталж буй бодлого, усны салбарт тулгамдаж буй бэрхшээл мөн Туул голын бохирдол, хомсдол, Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэтгэлийн талаар хэлэлцлээ.

Сайд Д.Оюунхорол “Монгол Улсын хэмжээнд усны бодлогыг засаг захиргааны нэгжээр хийдэг байсан. Тэгвэл өнөөдөр усны талаар төрөөс баримтлах бодлого нь байгалийн зүй тогтолцоонд үндэслэн усны нөөцийг сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд оршиж байна. Улсын хэмжээнд 29 сав газарт 21 сав газрын захиргаад ажиллаж байгаа. Эдгээрээс хамгийн том, хамгийн анхны сав газрын захиргаа Туул голын сав газрын захиргаа юм. Энэ утгараа Та бүхэн бусад сав газрын захиргаадад үлгэр дуурайлал үзүүлж, манлайлан ажиллах. Дэлхий нийтээр ногоон хөгжлийн бодлогод тулгуурлан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах зорилт тавин ажиллаж буй өнөө үед манай улс “хар алтны зуун” хэмээгдэж байсан өнгөрсөн үеийг ардаа орхиж, “цэнхэр алтны зуун” гэгдэж буй дэвшилтэд технологийн эрин үе рүү хөл нийлүүлэн найдвартай ажлын байр, тогтвортой орлогын эх үүсвэр, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн хамгааллын чанартай тогтолцоо, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах зорилт тавин ажиллах” ёстой гэв. Усны салбарт ажиллаж буй хэн бүхэн нэг цонхны зарчмаар, нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж чадсанаар усны салбарт баримтлах бодлого шийдвэр зөв явна гэдгийг сайд Д.Оюунхорол энэ үеэр онцлон хэлсэн.

Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар “БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг хүлээн авч уулзаж, асуудлаа нээлттэй ярилцах боломж олгосонд талархал илэрхийлэн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Туул голын бохирдлыг бууруулахад Туул гол дээр хоёр мега төсөл хэрэгжүүлэх ёстой гэж үзэж буйгаа танилцуулав. Нэгдүгээрт, Туул голын бохирдлыг бууруулах үндсэн шийдэл нь нийслэлийн хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх, хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих гэж үзжээ. Үүнд шаардлагатай 500-600 тэрбум төгрөгийн санхүүжилтыг яаралтай шийдвэрлэх ёстой гэсэн юм. Хоёрдугаарт, Туул голыг тасардаггүй, байнгын экологийн урсацтай байлгах гарц нь нийслэлээс дээш Туул голын эх орчимд олон жилийн урсацын тохируулга хийж, үер, хур борооны ус хуримтлуулах хиймэл нуур, боомт бүхий усан цогцолбор байгуулах ёстой гэв. Мөн Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтын асуудлыг цогцоор шийдэх, газар болон усны нөөц ашиглалтад эзолгийн албан татвар ногдуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх гэх мэт хэд хэдэн арга хэмжээг танилцуулсан.

Туул голын бохирдлын асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд ярьж буй. Хамгийн сүүлд энэ сарын 8-нд “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын БОХХААБ-ын хорооноос зохион байгуулсан. Мөн Өргөдлийн байнгын хороонд таван мянга гаруй иргэнээс Туул голтой холбоотой санал, гомдол ирсны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол эдгээр асуудлыг шийдвэрлэхэд яамтайгаа нягт хамтраж ажиллаж, манлайлан оролцох ёстойг ч энэ үеэр санууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top