НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхий дахинд байгаа хүүхэд бүрийн эрх ашиг, ирээдүй, сурч боловсрох нөхцөл гээд хүүхэдтэй холбоотой бүхэнд санаа тавидаг тэдний дуу хоолой болж байдаг байгууллага билээ. Тус байгууллагаас саяхан хүүхдэд хамгийн халтай орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Сири улс тэргүүлсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн сан Сири улсыг хүүхдэд хамгийн халтай улс гэж үзсэн нь дараах шалтгаантай. Дайны хөлд нэрвэгдсэн хүүхдийн тоо Сири улсад хамгийн их байна. Дэлхий дээр өнөөдөр нийт 5.5 сая хүүхэд иргэний дайн, зөрчилдөөний улмаас гэр оронгүй, дүрвэн амьдарч байгаа бөгөөд түүний 2.3 сая нь Сирийнх аж. Энэ нь дотоодын хямралтай, иргэний дайн зөрчилтэй байгаа бусад оронтойхарьцуулахад хэд дахин илүү үзүүлэлт юм. Дайнд амиа алдсан хүүхдийн тоогоор мөн л Сири улс тэргүүлсэн байна. Сирийн дайнд амь үрэгдсэн хүүхдийн тоо хамгийн багаар тооцход 10 мянга гэж хэлсэн боловч, яг үнэн хэрэгтээ хэд дахин их гэдгийг НҮБ-ын хүүхдийн сангаас мэдэгдсэн байна. Сангийн захирал Энтони Лэйк мэдээлэл хийх үедээ "2011 онд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг бослогоос эхлэн өдийг хүртэл нийт амь үрэгдсэн хүүхдийн тоо өдөр ирэх тусам маш ихээр ихэсч байна. Сирийн 12 настай эрэгтэй хүүхэд болгон албан хүчээр дайн тулалдаанд орж, энд тэнд буу зэвсэг агсан хамгаалагч, эргүүл хийн зогсож байгаа бол 12 настай охид албан хүчээр наснаасаа хэт эрт гэрлэж, бэлгийн хүчирхийлэлд автаж байгаа. Тав хүртэлх насны 323 мянга гаруй хүүхдүүд Сирийн бүслэгдсэн газар нутагт гэр оронгүй, өлөн зэлмүүн байдалтай аж төрж байна. Тэдэнд сэтгэлзүйн болон амьдрах оромж, сурч боловсрох газар маш их хэрэгтэй байгаа. Сирид болж байгаа энэ дайныг зогсоож гэр оронгүй дүрвөн амьдарч байгаа элгээр хүүхдүүдийг гэр оронд нь буцааж эцэг эх, найз нөхөдтэйгөө амар тайван амьдрах боломж олгох хэрэгтэй. Сирийн дайн энэ жил дуусах болтугай" хэмээн өгүүлжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
энэ ёстой элэг эмтэрмээр зураг шүү