Шүүхэд баярлалаа...

2016 оны 11 сарын 30

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Хэнтий аймгийн иргэн Б.Онон сэтгэгдлээ ирүүлжээ. Тэрбээр "Иргэнийхээ үүргийг биелүүлж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцон, дүгнэлт гаргасандаа баяртай байна. Шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүн таслах ажиллагаанд оролцуулсанд баярлалаа. Шүүхээс утсаар ярьж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон талаар мэдэгдсэн. Шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн сонгогддог, ямар үүрэгтэй талаар огт мэддэггүй байлаа. Тиймээс шүүгчийн туслахтай хамгийн түрүүнд уулзсан. Шүүгчийн туслах иргэдийн төлөөлөгчийн үүргийг дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн "Шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчийн гарын авлага” ном өгсөн.

Иргэдийг төлөөлж шүүгдэж байгаа хүний үйлдлийн талаар дүгнэлт гаргана гэдэг амаргүй санагдсан. Хуулийн мэдлэггүй хүн хамаагүй ярьчих вий гэж эмээсэн хэрэг. Гэхдээ шүүх хуралдаанд орохын өмнө тухайн хэргийн талаар тодорхой мэдээлэл авчихдаг юм байна. Мөн шүүх хуралдааны үеэр хүмүүсийн мэтгэлцэж байгааг ажиглаад өөрийнхөө үзэмжээр зөв буруу, гэм буруутай, буруугүй гэдгийг нь дүгнэчихдэг юм билээ.

Шүүх хуралдаанд оролцоно гэдэг иргэн хүний үүрэг гэдгийг хүн бүр төдийлөн мэддэггүй. Шүүгчийн туслахын тайлбарласнаар шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийг маш сайн ойлгосон. Шүүх иргэнтэйгээ ойр байгаад баярлалаа” гэв. 

 

 "ШҮҮХЭД БАЯРЛАЛАА”

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдсэн Э.Сонорбаяр ингэж ярилаа.

Шүүхэд баярлалаа... 

 -Та ямар хэрэгт холбогдсон юм бэ?

-Өнгөрсөн есдүгээр сард найз бүсгүйтэйгээр харихдаа такси барьсан юм. Тэгж явахдаа таксины жолоочтой нь ялимгүй зүйлээс болж маргалдаж хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Архи ууж, тэвчээргүй зан гаргасандаа маш их гэмшиж байгаа. Энэ үйлдлээс болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдаж, шүүгдэхээр болсон.

-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаан болсон.Би хохирогчоос уучлалт хүсэж хохирлыг нь бүрэн барагдуулсан учраас бид эвлэрсэн юм. Шүүхээс хэргийг маань хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх хуралдаан хуулийн дагуу дэг журамтай болдог юм байна. Хэргийг минь шударгаар шийдвэрлэсэн шүүгчид баярлаж байгаагаа илэрхийлье. Шүүхийнхэн авилга авдаг, шүүгч, ажилтнууд нь хүнтэй хэрэгтэн шиг харьцдаг гэх зэрэг яриа огт худлаа гэдгийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрлээ. Шүүх бол иргэдэд үйлчилдэг байгууллага гэдгийг харлаа.

-Гэмт хэрэгт холбогдож, шүүгдэж байхад юу бодогдож байсан бол?

-Залуу хүний хувьд шүүгдэгчийн ширээнд суусандаа маш их харамсаж, гэмшсэн. Архи дарснаас хол байж, уур бухимдлаа барьж ухаанаараа бүгдийг шийдэж байгаарай гэж залууст захимаар байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан ч дахин уучлалт гуйя. Ялимгүй зүйлээс болж уур бухимдлаа барьж чадалгүй хүний биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа. Дахиж ийм зүйлд орохгүй гэж бодож байна.

Ж.Энхбаяр

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.188.65) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top