Загварын ертөнцийн хамгийн том, нэр хүндтэй "Гоёл" наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 29 дахь жилдээ зохион байгуулж байна. "Гоёл-2017 " наадам нь "Монголын загварын 7 хоног", "Гала тоглолт гэсэн хоёр үе шаттайгаар явагдах юм.
"Монголын загварын 7 хоног нь буюу "Mongolian fashion week" өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу 26, 27-ны өдөр Blue sky tower-д хөшгөө нээлээ. Харин "Гоёл-2017" наадмын Гала тоглолт, Топ моделийг тодруулах ёслол ирэх сарын 1-нд СТӨ-д 19:00 цагаас болох юм.
"Гоёл"-2017 наадмын зураг авалтын үс засалт, нүүр будалтыг 24 дахь жилдээ "Оддын үсчин" хэмээн олноо танигдсан Д.Одонгоо захиралтай "Vidal" салоны хамт олон хариуцан ажиллаж байгаа юм. "Монголын загварын 7 хоног"-ийн хоёр дахь өдөр Blue sky tower-д очиход "Vidal" салоныхон моделуудынхаа үс засалт, нүүр будалтыг нь хийгээд тун завгүй байлаа.
Энэ үеэр "Vidal" салоны захирал Д.Одонгоотой цөөн хором ярилцлаа.

-Танай салон хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр "Гоёл-2017" наадмын ард ажиллаж байна вэ?
-Загварын ертөнцийнхний шилдгийг тодруулдаг "Гоёл" наадмын ар талд манай салон 24 дахь жилдээ хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Бид энэ жил 17 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
-Гоёл"-2017 наадмын загварын 7 хоногийн үс засалтын ерөнхий өнгө төрхийн тухайд?
-"Монголын загварын 7 хоног”-ийн эхний өдөр 80-аад оны үс засалтын хэв маягыг харуулсан бол загварын хоёр дахь өдөр хагалгаа бүхий геометрийн дүрсийг гаргасан үс засалтууд зонхилж байна. Энэ засалт нь шинэлэг төдийгүй маш цэвэрхэн, донжтой харагдуулахаас гадна бүх төрлийн хувцас дээр тохирдог гэдгээрээ онцлогтой. Миний хувьд үсчдийн багаа хариуцаад өөрөө үс засалтаа хийхээс гадна залуу, чадварлаг үсчдээ бэлтгэх зорилгоор энэ том тэмцээний ард тэднийгээ мөн ажиллуулж байна. Мөн манай салоны make up artist Б.Алтанзул нүүр будалтын багаа хариуцан ажиллаж байгаа.

“Vidal" салоны make up artist Б.Алтанзул: Миний хувьд энэ жил "Гоёл"-2017 наадмын нүүр будалтын багаа хариуцан ажиллаж байна. Энэ жилийн “Гоёл"-2017 наадмын нүүр будалтын тухайд хүчирхэг эмэгтэйн дүр төрхийг гаргахаас гадна тухайн моделынхоо үс засалт, хувцаслалтад нь тохируулаад нүүр будалтаа хийж байна. Манай салон нь улсын чанартай олон уралдаан тэмцээний нүүр будалт, үс засалтыг хариуцан хийж байсан арвин туршлагатай учраас ажиллахад маш амар, хялбар байна" гэлээ.

“Видал” салоны мастер үсчин Н.Болормаа "Миний хувьд “Видал” салоныг нээгдсэн тэр үеэс эхлээд өдгөө 18 дахь жилдээ болж байна.Энэ хугацаанд загварын ертөнцийн хамгийн том, нэр хүндтэй "Гоёл" наадмын ард манай салон 24 дахь жилдээ хамтран ажиллаж байна. 2017 оны шинэ трэнд шинэ хэв маяг болох геометрийн дүрс бүхий хуваалттай үс засалтуудыг энэ жилийн "Гоёл" наадмын гол өнгө төрх болгож байна. Үүн дээр анхаарах зүйл нь хуваалтаа маш цэвэрхэн гаргаж өгөх нь чухал юм" гэлээ.
Сонирхуулахад, “Vidal" salon нь үйл ажиллагаагаа явуулаад өдгөө 18 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд улс, хот, дүүрэг, тив, дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан чадварлаг хамт олон юм. Өнгөрсөн хавар Солонгос улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд тус салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга болж байв.
Мөн хоёр жил тутамд зохион байгуулагддаг Сүхбаатар дүүргийн үсчин, гоо засалчдын ур чадварын тэмцээнд “Видал салоны шинэ залуу боловсон хүчин болох залуу үсчид тус тэмцээнээс таван медаль хүртэж Гранпри” цомын эзэн болсон юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )