“Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуус үл мэдэгдэх шингэнд хордсон талаарх мэдээлэл олныг цочирдуулаад байна. Тус иргэдийн дөрөв нь нас бараад байгаа бол 10 иргэн аймгийн Бүсийн оношилгооны төвд эмчлүүлж байгаа ажээ.
Одоогоор Улсын онцгой комисс болоод холбогдох албаныхан Халхгол суманд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр өглөө шуурхай хуралдаан зохион байгуулжээ. Энэхүү хуралдаанд “Хордсон иргэдээс илэрч буй шинж тэмдгийг харахад техникийн спирт уусан байх магадлал харагдаж байгаа” талаар өгүүлсэн байна.
Нас барсан иргэдэд задлан шинжилгээ хийх бөгөөд шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарах юм. Тэгвэл энэхүү хугацааг наашлуулж, яаралтай хариу гаргахыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох хүмүүст өгчээ. Түүнчлэн тэрбээр “Зөв боломж” ХХК-д ажилладаг бүх хүмүүст шинжилгээ хийхийг үүрэгдсэн байна.
Дашрамд өгүүлэхэд иргэдийн уусан гэх шингэнээс 500 мл-ийг саванд тасалж аваад явсан иргэдийн талаарх мэдээлэл мөн байгаа юм. Эх сурвалжийн ярьж буйгаар эдгээр иргэдийн хоёрыг нь саатуулсан ажээ.
Мөн албан бус эх сурвалжийн ярьснаар хордсон иргэд энэхүү шингэнийг найруулж уувал, хятад архи шиг болдог хэмээн ярилцаж байгаад найруулан уужээ. Нас барсан иргэдийн нэг нь 43 настай Б гэгч байжээ.
О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )