Я.Эрдэнэтуяа: Үл мэдэгдэх шингэнд 14 хүн хордож, нэг иргэн газар дээрээ нас барсан

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

Өнгөрөгч өдөр үл мэдэгдэх шингэн зүйлд хордож, нас барсан иргэдийн талаарх мэдээллийг бид та бүхэнд хүргэсэн. Тэгвэл хордож, эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын  хүний нөөцийн мэргэжилтэн  Я.Эрдэнэтуяатай утсаар холбогдож, тодрууллаа.

-Аймгийн Эрүүл мэндийн газарт хэзээ дуудлага ирсэн юм бэ. Иргэд яг юунд хордсон гэдгийг тодорхой болгосон уу?

-Өнгөрөгч 24-ний орой үл мэдэх шингэн уугаад, 25-ны өглөөнөөс эхлэн биед нь өөрчлөлт гарч эмнэлэгт дуудлага өгсөн байгаа юм. Тухайн иргэдийн уусан гээд байгаа үл мэдэгдэх шингэн зүйлийг шинжлүүлэхээр дээж аван, Улсын мэргэжлийн хяналтын газарт явуулсан байгаа. Мөн Улсын мэргэжлийн хяналт болоод бусад холбогдох албаны зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан, газар дээр нь ажиллаж байна. Мэргэжлийн хяналт руу явуулсан дээжийн хариу өнөөдөр гарна гэсэн. Хараахан ирээгүй байгаа учраас химмийн бодис уу, хуурамч хятад архи уу гэдгийг одоогоор тодорхойлох боломжгүй байна.

-Хордсон хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ. Дөрвөн хүн нас бараад байна гэх мэдээлэл байгаа?

-Үл мэдэгдэх шингэнд 14 хүн хордсон. Эдгээр хүмүүсийн нэг нь архи уусан даруйдаа газар дээрээ нас барсан бол хоёр нь ирж байх замдаа өнгөрч, нэг нь эмнэлэгт хүргэгдэж ирээд оройноо нас барсан. Одоо таван хүн сэхээний тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа бол тав нь халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгийн зүгээс бүхий л арга хэмжээг авсан, биеийн байдал харьцангуй тогтворжиж байна. 

-Иргэдийн хувьд “Зөв боломж” ХХК-ийн ажилчид гэсэн. Энэ компани аймгийнхаа төвөөс хэр хол байдаг вэ. Хордсон иргэдийн насны тухайд бас зөрүүтэй мэдээллүүд гараад байна?

-Хордсон иргэдийн хувьд 33-45 насны хүмүүс байгаа. “Зөв боломж” ХХК-ийн хувьд аймгийнхаа төвөөс 210 км-ийн зайд оршдог. Дан Монгол ажилчинтай. “Петрочайна Дачин Тамсаг” компанид Монгол ажилчдыг зуучилдаг компани юм.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэхүү мэдээллийн тухай “Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуус үл мэдэгдэх шингэнд хордсон гэх мэдээ энэ сарын 26-нд Улсын онцгой комисст ирсэн. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн захирамжаар Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар Дорнод аймагт ажиллаж байна. Уг Ажлын хэсэгт мөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин нар багтсан. Ажлын хэсгийн хувьд газар дээр нь цаг алдалгүй ажиллаж, байдлыг хяналтад аваад байгаа талаар мэдээлсэн. Өнөөдөр аймгаас ирсэн дээжинд хийсэн шинжилгээний дүнг танилцуулна” хэмээн мэдэгдсэн юм.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тагнуул, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайд үзлэг шалгалт хийж, тодорхой хэмжээний үл мэдэгдэх шингэн зүйлийг хураан авсан байна.

Дашрамд өгүүлэхэд МХЕГ-аас тодорхой удирдамжийн дагуу 2016 оны 10 дугаар сард “Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байжээ. Шалгалтын үеэр “Зөв боломж” компани Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, ажиллагсдын нийгмийн баталгаа, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь 10 дугаар сарын 9-ний өдөр түр зогсоож, зөрчил арилгах албан шаардлага, үүрэг даалгавар өгчээ. Гэтэл “Зөв боломж” ХХК дур мэдэн үйл ажиллагаа явуулж байсан байна. Иймээс “Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-д Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top