Нийслэл давсаа нөөцөлж чадаагүйд хүүхдүүд ямар буруутай вэ, ХОТЫН ДАРГА АА

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 23

Энэ сарын 21-нд Нийслэлийн удирдах ажилтны зөвлөл хуралдаж, хотын их хэжээний цасыг хэрхэн арилгах тухай ярилцав. Хурлын дараа Хотын дарга С.Батболд энэ сарын 22-ноос эхэлж оюутан, цэрэг, ахлах ангийн сурагчдыг дайчилж цас цэвэрлүүлэхийг үүрэг болголоо.

Хуучин цагт хүүхдүүд сургууль болон эргэн тойрныхоо цасыг цэвэрлэхэд оролцдог байсан ч хамгийн эрсдэлтэй ажлуудын нэг байжээ. Жишээлбэл, ахлах ангийн нэгэн сурагч цас ачигч машинаас зүүгдэж яваад амиа алдсан хэрэг 2005 онд гарч байсан гэнэ. Энэ мэтчилэн хүүхдүүдийн амь насанд аюул учирч болзошгүйг Хотын дарга анхааралдаа авах хэрэгтэй. Шөнөдөө -40, өдөртөө -31 хүртэл хүйтэрч байгаа энэ үед хүүхдүүд ханиад, хатгаа хүрэх, чих, хацраа хөлдөөхөөс эхлээд аюул их. Том хүн ч энэ хүйтнийг тэсвэрлэхэд бэрх байна.

Урдны жилүүдэд нийслэл цас бага ордог жилдээ 500-600 тонн давс нөөцөлдөг байжээ. Нэг удаагийн цасны дараа зам дээр 30-40 тонн давс, бодис цацдаг байсан аж.

Гэтэл өнөөдөр Нийслэл 18 тонн давс, бодисны нөөцтэй байна.

Арваннэгдүгээр сарын эхээр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэлийн талаар Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн О.Батмөнх “Улаанбаатар хотын хэмжээнд давс 1500 тонн, бодис 1190 тонныг бэлтгэн нөөцөлсөн” хэмээж байсан. Ердөө 20 хоногийн дотор нөөцөлсөн давс бодисоо дуусгаад, хүүхэд, цэрэг, оюутнуудаар цасаа цэвэрлүүлэх хэмжээнд очжээ.

Онцгой Байдлын Ерөнхий Газраас жил бүр Нийслэлийн удирдлагуудад хэдий хэмжээний цас, хэр давтамжтайгаар орохыг дундажлан тоог нь  хүргэдэг. Тодруулбал, өнгөрсөн жил 13 удаа цас оржээ. Хотын дарга С.Батболдын “Өнгөрсөн жил 13 удаа цас орсон, энэ жил өвөл дөнгөж эхлээд л 13 удаа цас орчихсон” гээд байгаа нь ийм учиртай юм.

Гэхдээ Хотын дарга болон түүний багийнхан цаг сайхан байхад ажлаа хүлээж авсан шүү дээ. Дээрээс нь ОБЕГ-аас өгсөн цас орох дундаж тоогоор бэлтгэлээ базаасан байх ёстой. Гэтэл одоо 18 тонн давс, бодисны нөөцтэй, ОХУ-руу 320 сая төгрөгөөр давс, бодис авахаар захисан гэх юм.

Мөн цас цэвэрлэх 13 машин, 700 гаруй ТҮК-ийн ажилчид нийлээд ч цасаа цэвэрлэж чадахгүй байгаа нь Хотын удирдлагууд өвөлд хэрхэн бэлдсэнийг харуулж байна.

Гацууртын гэх тодотголтой Л.Чинбатын хүргэн Г.Бат-Эрдэнэ твиттэрт тун идэвхтэй жиргээч. Тэрээр хальтиргаа гулгаа ихсэх үед Хотын даргад нэгэн таатай санал хүргүүлсэн ч “төсөв, мөнгө” хүрэлцэхгүй хэмээн хүлээж аваагүй гэдэг.


Харин Хотын дарга нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломж хомс нийгмийн давхаргаар өөрсдийн хийх ёстой ажлыг хийлгэж байгаа нь шударга зүйл гэж үү.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top