Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 21-нд боллоо.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ажлын талаар товч танилцуулав.
Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа сайн цэвэрлэсэн гэдгийг тэрээр онцлоод өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн. Хэдий бид цэвэрлээд байгаа ч шөнө нь цас хялмаалаад хальтиргаа гулгаа нэмэгдэж байна гэлээ.
Харин НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Энэ сарын 17-18-нд орсон цас зарим газраар 16-21 см хүрсэн. Хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Хэдийгээр зам, даваа хаагдаагүй ч хальтиргаа, гулгаа нэмэгдсэн” хэмээсэн юм.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд нөхцөл байдал хүндэрч буйг дурьдаад “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гэв.
Мөн тэрээр хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ долоо хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болголоо.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
EBDurguuliin huuhed bhdaa yahab deehunii nyalh huuhduudiig haniadnaas sergiolehiin orond huitend gudamjnii tsas arilguulna gej yu yariad bgaa yum Ene hot duurgiin darga nar unadag vnetei unaagaa zaraad tsas tseberlegch abaach ee