Засгийн газар нь иргэдийн бууг тоглоомоор сольж авч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18

Мексикт “Буугаа дугуйгаар солье” нэртэй хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа галт зэвсгийг хурааж авах зорилготой уг ажиллагааг Ерөнхийлөгчийн шууд дэмжлэгтэйгээр явуулж байгаа бөгөөд нийслэл Мехико хотод эхлүүлээд байгаа юм байна. Иргэдийн авчирч өгсөн галт зэвсгийн оронд Засгийн газар бэлэн мөнгө, унадаг дугй, компьетер, компьютерийн сэлбэг, хүүхдүүдэд бол тоглоомон бууг санал болгож байгаа ажээ.

Хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч үйл ажиллагаагаа сурталчлан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөтөлбөрийн гол зорилго нь өсвөр насныхан, залуучуудын гарт байгаа галт зэвсгийг хурааж, хэн нэгэн өртөхөөс сэргийлэх явдал юм. Гэр бүлийнхээ төлөө сайн дураараа зэвсгээ хураалгацгаая” хэмээн хэлсэн байна. Тус улсад зөвхөн 2013 онд гэхэд 60 000 гаруй хүн галт зэвсгийн халдлагад өртөн нас барсан гэдгийг тэрбээр жишээ болгон дурьджээ. “Дэлхийн хамгийн их гэмт хэрэгтэй хот”, “Дэлхийн хамгийн их гэмт хэрэг үйлдэгддэг улс” гэх мэт саар имижээсээ салах нь шинэ Мексикийг цогцлоох ажлын хамгийн эхний хэсэг байх болно гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдэж байсан бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тууштай ажилласаар байгаа билээ.

Тус улсын Сьюдад Хуарес хот дэлхийн хамгийн их гэмт хэрэг гардаг хотоор 2009 онд шалгарч байсан бөгөөд уг судалгааг хийсэн хүмүүс 2009 он эхний 10 хоногт л гэхэд гэмт халдлагаас болж 100 гаруй хүн амиа алдаж байсан хэмээсэн байдаг юм. Тэр жилдээ тус хотод 2635 хүн галт зэвсэг ашигласан халдлагын золиос болсон бөгөөд 100 000 хүн тутмын 191 нь аллагад өртсөн гэсэн үзүүлэлтээр дэлхийн хамгийн аюултай хотоор шалгарч байсан юм. Эдгээр бүх аллагууд нь тус хотод цэцэглэсэн хүн хулгайлах, худалдаалах, хар тамхины хууль бус наймаа зэрэг гэмт хэрэгтэй холбоотойгоор гардаг ажээ.  Тиймээс “Буугаа дугуйгаар сольё” хөтөлбөр хэрэгжсэнээр дээр дурьдагдсан аймшигт статистик буурна гэж эрх баригчид найдаж байгаа юм байна.

Иргэдэд бэлэн мөнгөний хэрэгцээ их гардаг хөтөлбөрөө хэрэгжүүлбэл илүү амжилт олно гэж хөтөлбөрийг санаачлагчид найдсан байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэд солих зэвсгээ хууль бусаар хадгалж байсан ч хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэдгийг Засгийн газар, Цагдаагийн байгууллагын зүгээс иргэддээ амласан байна. 

“Буугаа дугуйгаар сольё” хөтөлбөр Мехикогийн хамгийн ядуу дүүрэг Истапалапад хамгийн түрүүнд хэрэгжиж эхэлсэн. Хоёр сая хүнтэй уг дүүрэгт өсвөр насныхны гэмт хэргийн төвшин улсдаа хамгийн өндөрт тооцогддог юм. Зүв зүгээр гудамжинд явж байгаад бусдад алагдах нь ч байдаг гэнэ. Кино театрын ойролцоо явж байсан 10 настай хүү үл мэдэгдэх этгээдийн бууны суманд өртөж амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарч байсан гэнэ. Цагдаа нар  хэргийг илрүүлж чадаагүй бөгөөд гэмт этгээд байшингийн дээвэр дээрээс буудсан болохыг хаягдсан хонгиогоор нь олж мэджээ.

 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top