”Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн нэрт зохиолч, орчуулагч, төр нийгэм, улс төрийн болон соёлын зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд маргааш нээлтээ хийх гэж гэж байна.

Авъяас билэг, эрдэм чадал хосолсон бахархалт сод хүмүүний нэг Д.Нацагдоржийн амьдрал үйл хэрэг, уран бүтээлийг ард иргэд, хойч үеийн залуустаа таниулах олон арван ажил зохиогдож  байгаагийн нэг нь “Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэнд Д.Нацагдоржийн олонд танигдсан “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, “Алтан цох” зохиолын орчуулга, Д.Нацагдоржийн хэрэглэж байсан “Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь”, ховор нандин гэрэл зураг, их зохиолчийг мөнхжүүлсэн 150 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдэн тавигдах аж.

Д.Нацагдорж эх орныхоо түүх соёлын судлалын ажлыг удирдаж байхдаа Монголын археологийн дурсгалуудыг бүртгэж, карт бичиж тэмдэглэх ажлыг мөн санаачилан эхлүүлж, улсын музейг шинэ үзмэрээр хэрхэн баяжуулах  талаар өөрийн мэдлэг боловсролоо зориулж явсан их зохиолч билээ. 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top