Зуднаас болж, цагаан зээр Монголоос дайжин харьд нутагшиж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

ОХУ-ын Байгалийн хязгаарт монгол зээр амжилттай нутагшлаа гэсэн мэдээлэл хойд хөршийн russkievesti.ru цахим хуудсанд  тавигджээ. Энэхүү мэдээлэлд Дагуурын дархан цаазат газрын ажилтнууд 20 гаруй жил уйгагүй хөдөлмөрлөсний ачаар Байгалийн хязгаарт нутагшсан монгол зээрийн тоо 6000 толгойд хүрч, цаашид бүрэн нутагшсан гэж хэлэх хэмжээнд тухай бахархалтайгаар бичсэн байв. Эдгээр зээрийн ихэнх нь 2000-аад оны эхээр болсон зуднаар Монголоос нүүдэллэж очжээ.    

Байгалийн хязгаарт монгол зээр нутагшуулах ажил 1992 оноос эхэлсэн гэх ч түүнээс ч эрт эхэлсэн аж. 1970-аад оны үед Дагуурын дархан цаазат газраас монгол зээрийн янзага олсон юм байна. Зээрийг ОХУ-ын нутагт авч үлдэх, улмаар дасган нутагшуулах ажил энэ үеэс эхэлжээ. Түүнээс хойш зугуухан ч гэсэн тоо толгой нь нэмэгдсээр 2000 онд 80 тоо толгойд хүрсэн байна. Гэтэл 2000-2001 оны зуднаар Монголоос идэш хоол хайсан зээр олноороо Байгалийн хязгаарт орж ирэх болсон аж. Оросууд ч тэднийг зүйрлэж хэлбэл, “Талх, давс барьж угтжээ”. Зээрийн ихэнх нь дулаан оронгуут Монгол руу буцсан ч Дэлхийн байгаль хамгаалах сангаас эхлээд төрийн байгууллага анхаарал тавьж, хоол тэжээл бэлдсэний хүчээр зарим нь явалгүй үлдэх болж. Үлдэгсдийн тоо жилээс жилд нэмэгдсээр өнгөрсөн долоо хоногийн тооллогоор 6000 толгойд хүрч, цаашид буцалгүй бүр нутагших нь ойлгомжтой болсон учраас олон нийтэд мэдээлсэн нь тэр ажээ.    

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top