Энгийн ажилтан алба хаагчдын эрх зүйн орчныг дээшлүүлнэ гэв

2016 оны 11 сарын 17

УИХ-аар шинэчлэн батлагдсан багц хуулийг алба хаагчдад танилцуулсаар байна. БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албан тушаалтнууд Улаанбаатар хүрээний Зэвсэгт хүчний ангиуд болон ХХЕГ, ОБЕГ-ын алба хаагчдад хуулийн ач холбогдол, онцлогийг таниулж, санал сэтгэгдлийг нь сонсч байгаа юм.

БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат,  ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар тэргүүтэй албаныхан хуулийг ухуулан танилцуулж байна. БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба тэргүүтэй албаныхан Зэвсэгт хүчний 032, 284, 189 дүгээр ангийн алба хаагчдад хуулийн танилцуулга хийхэд нь дагалдан ажиллав.

Албаныхан шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль бүрээр танилцуулга хийсэн бөгөөд анги байгууллага болоод алба хаагчдад хамаатай ямар сайн тал байгааг онцлов.

Тухайлбал, Батлан хамгаалах тухай хуулиар Монгол Улсын Зэвсэгт хүчин цаашдаа гадаадын орнуудаас тусламжийн зэвсэг техникээ авахаас илүү дотооддоо үйлдвэрлэх хэтийн зорилго тавьж Аж үйлдвэрийг хөгжүүлэхээр тусгаж өглөө. Эх орноо батлан хамгаалахад иргэн хүн ямар үүрэгтэй байх тухай, ерөнхий боловсролын дунд сургууль болон их, дээд сургуулиудад цэрэг-эх оронч хүмүүжлийг хэрхэн ямар үе шаттайгаар олгохоос эхлээд Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлыг нэмэгдүүлсэн. Зэвсэгт хүчний тухай хуулиар Зэвсэгт хүчин Хуурай замын болон Агаарын цэрэгтэй байхаар тодорхойлж, энэ хоёр командлалын бие даасан үйл ажиллагааг тодорхой болголоо. Дүйцүүлэх алба, цэргийн гэрээт алба, оюутан цэргийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож хуульчилсан. "Оюутан цэрэг" хөтөлбөрийг 3 жил хэрэгжүүлэхэд 2300 гаруй оюутныг түргэвчилсэн хугацаагаар цэргийн эрдэмд сургасан байдаг. Цаашдаа энэ хөтөлбөрөөр оюутнуудыг зөвхөн буудагчаар бэлтгэх биш нарийн мэргэжлээр сургах төлөвлөгөө бий. Одоохондоо энэ талаар судалгаа хийх төвшинд байна.

Багц хуульд орсон өөр нэг томоохон өөрчлөлт гэвэл хориглосон зүйл заалтыг нэмж орууллаа. Хуучин хуулиудад хориглосон заалт гэж байсангүй. Цэргийн алба хаагч улс төрөөс ангид байх тухай хориглосон заалт оруулсан нь цаг үеэ дагасан шийдвэр. Өнөөдөр нуулгүй хэлэхэд, улстөрчийн дэмжлэгтэйгээр албан тушаалд очих хүсэлтэй залуус олон болсон байна. Бид бүхэн мэднэ. Цэргийн алба гэдэг чинь өөрөө шат дараалалтай, тодорхой хэмжээний дамжлагатай газар. Эзэмших ёстой мэдлэгийг нь эзэмшиж, сурах ёстой газарт нь суралцаж, дамжих ёстой албыг нь дамжиж байж дараагийн албанд ажиллах боломж нээгддэг. Энэ зарчмын дагуу алба хаагчдыг улс төрөөс ангид байхыг хуулиар баталгаажууллаа. Түүнээс гадна энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 6 сарыг 8 сар үүрэг гүйцэтгэснээр тооцно, алслагдмал анги, байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн хамгаалалд анхаарсан гээд хууль бүрээр дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.

Алба хаагчдын зүгээс "Алслагдмал анги, байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын түрээслэж амьдрах орон сууцны тодорхой хувийг анги, байгууллага хариуцаж төлнө гэж байна. Нийслэлд хамаарч болохгүй юм уу. Цэргийн албанд ажиллаж байгаа энгийн ажилтан алба хаагчдын талаар ямар зохицуулалт оруулав" гэж асууж байв. Үүнд, албаныхан "Нийслэлд ажиллаж байгаа алба хаагчдад хамаарахгүй. Алслагдмал гэдэгт аймгийн төвд байгаа анги, байгууллага хамаарахгүй" гэж хариулав. Харин энгийн ажилтан алба хаагчидтай хамааралтай асуултад БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хуулийн зөвлөх, дэд хурандаа Г.Энхболд "Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм билээ. Үүнтэй холбогдуулан бид цэргийн албанд ажиллаж байгаа энгийн ажилтан алба хаагчдад хамаатай бүлэг оруулсан байгаа. Хуульд өөрчлөлт оруулбал дэмжээд явах байх гэж найдаж байна" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top