Эрийн цээнд хүрч, цэргийн алба хаана гэдэг эр хүн бүрийн эрхэм үүргийн нэг байдаг. Олон аавын хөвгүүдтэй нэг жилийн хугацаанд цэргийн хуаранд ижилдэн дасч, цэргийн хэргийн эрдэмд шамдан суралцаж, амьдралынхаа туршид дурсан санах дурсамжийг бий болгож, цэргийн нөхөрлөлийг эхлүүлдэг.
2016 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд элсч цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаад хоёр долоо хоног болж байгаа шинэхэн цэргүүдийн бэлтгэл сургуулийн талаар сурвалжлахаар Зэвсэгт хүчний 013, 017 дугаар ангиудыг зорилоо.
Эх орон дуудсан цагт хэзээд бэлхэнээ илтгэн харуулах цэргийн зарланаа өвөрлөн Монгол Улсын дөрвөн зүг найман зовхисоос цэрэгт татагдан ирсэн шинэ цэргүүдэд цэргийн ангийн бүх зүйл шинэхэн бөгөөд сонихон.
Цэрэг татлагын эхний өдөр ирсэн байлдагчид 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 14 хонож байгаа бол хөдөө орон нутгаас татагдан ирсэн байлдагчид дүрэмт хувцсаар ижилсэж нэг зорилго, нэг дүрэм журам дор нэгдсэнээр 7 хонож байна.
ЗХЖШ-ын даргын баталсан цэргийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу шинэ цэргүүдэд галын бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн дүрэм, цэрэг эх оронч хүмүүжлийн үндэс, биеийн тамир гэсэн 6 төрлийн хичээлүүдийг "Цэргийн анхан шатны сургалт"-аар 11 дүгээр сарын 1-нээс 30-ны хооронд 160 цаг, "Ерөнхий бэлтгэл"-ийн сургалтыг 12 дугаар сарын 1-нээс 15-ны хооронд 90 цагийн турш өдрийн 8 цагаар судлуулах юм. Үүнээс гадна батлан хамгаалах салбарын багц хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан мэдээллийн цаг болон амралтын өдрүүдээр зохион байгуулагддаг соёл хүмүүжлийн цагуудаар Батлан хамгаалахын багц хууль сурталчлах олон талт ажлууд зохион байгуулж байна.
Эцэг эхийн гар дээрээс цэргийн албанд татагдан ирсэн залуусыг цэргийн алба, орчин нөхцөлд дасгах гэдэг нэн тэргүүнд тавигдах асуудал байдаг. Үүнд Зэвсэгт хүчний 013, 017 дугаар ангиудын удирдлагууд анхаарлаа хандуулж ажиллахын зэрэгцээ цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөлт, агуулга, технологийг боловсронгуй болгож, сургалт хариуцсан албан тушаалтнуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн шинэчлэн батлагдсан байлдааны дүрмийн хэрэгжилтийг хангах, холбоо мэдээллийн техник хэрэгсэлтэй ажиллах, барилга бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож онолоор сурсан зүйлсээ практик дээр эзэших боломжуудыг бүрдүүлж мэдээллийн технологид суурилсан онлайн хэлбэрээр суралцах нөхцлийг өрнүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн цэрэг татлагаар дээрх 2 ангид ирсэн байлдагчдаас 60-70 хувь нь дээд боловсролтой, ихэнх нь Үндсэн хуулиа судалсан цэргийн албаа хаагаад төрийн албанд ажиллах, гадаадад мэргэжлээрээ суралцах сонирхолтой өөрийн хүслээр цэргийн албанд татагдсан залуус олон байсан юм.
Их дээд сургуульд суралцаж байгаа болон сургуулиа төгсөөд ажлын талбарт мэргэжлээрээ ажиллаж байгаад нэг жилийн чөлөө аваад иргэний цэргийн үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэсэн чин хүсэл, зорилготой залуусын төлөөлөлтэй уулзлаа.
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч З.ТАМИР:
-Намайг Зоригийн Тамир гэдэг. Би багаасаа орос сургуульд сурсан. Оросын харьяатын 14 дугаар сургуулийг төгсөөд БНХАУ-д Олон улсын эдийн засаг, менежментийн мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд аялал жуулчлалын компанид менежер хийж байгаад цэргийн албанд ирсэн. Цэргийн зарлан ирэхгүй болохоор өөрөө дүүрэг дээр очиж зарлангаа аваад саналаараа Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ирсэн. Одоо албаа үлгэр жишээчээр хаагаад алсдаа төрийн албанд ажиллана гэж бодож байна. Цэргийн алба хаана гэдэг өөрөө их бахархмаар үйл явдал байдаг юм байна. Миний төсөөлснөөс 100 хувь өөр байна. Гүйж харайгаад үсрээд л байх юм бодсон. Гэтэл олон төрлийн хичээл сургалтад хамрагдаж, бие бялдрын өв тэгш байдал тэсвэр тэвчээр хатуужилтай болж байна. Мөн маш олон найзтай болж байгаадаа баяртай байна.
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Б.ОЧИР:
-Би Сонгинохайрхан дүүргээс татагдан ирсэн. Өмнө нь оюутан байхдаа 3 удаа цэргийн зарлан авч нэг удаа бүр үсээ хусуулаад Налайхад байдаг цэргийн ангийн хашаа руу ороод буцаж байсан. Энэ хавар сургуулиа төгсөөд "Скайтел" компанид ажиллаж байгаад ажлаасаа жилийн чөлөө аваад цэргийн албандаа өөрийн хүсэлтээр ирсэн. Зарлан ирэхгүй байсан болохоор өөрөө сураглаж очоод цэрэгт татагдсан болохоор аль ангид очих санал асууснаар Зэвсэгт хүчний 013 дугаар ангид томилогдсондоо баярлаж байна. Яагаад гэвэл би ШУТИС-ийн холбооны инженер мэргэжлээр төгссөн болохоор мэргэжлийн энэ ангийг судалж, албаа энэ ангид хаах юмсан бодож байлаа. Төв дамжин дээр байхад 032 дугаар анги руу томилно гэж их сандаргасан шүү. Миний хувьд жүжигчин юмуу, цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан ч тэр жил орж чадаагүй. Өөрийн хүслээрээ иргэний үүргээ биелүүлж эр цэргийн албаа олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн хааж байгаадаа баяртай байна.
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч М.ЦОГБАЯР:
-Би Хүмүүнлэгийн Их сургуульд Санхүү менежмент мэргэжлээр суралцаж байгаад нэг жилийн чөлөө аваад ирсэн. Баяхонгор аймгийн харьяат. Миний хувьд иргэний үүргээ биелүүлж, сургуулиа төгсөөд төрийн албанд ажиллана, мөн тэсвэр тэвчээрээ сайжруулж, бие бялдраа төгс болгоно гэж зорьсон доо. Цэргийн алба хаагч болоод 14 хонож байна. Олон мундаг шат дараалсан дарга нар маш сонирхолтой олон төрлийн сургалтуудыг явуулж цэргийн албанд дасахад туслаж байна. Миний хувьд арвин түүхтэй холбооны энэ ангид алба хааж байгаадаа туйлын баяртай байна.
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч М.РЭНЦЭНДОРЖ:
-2016 онд Олон улсын Улаанбаатар дээд сургуулийн компьютер техник хангамжийг чиглэлээр төгссөн. Эзэмшсэн мэргэжлээрээ холбооны ангид алба хааж байгаадаа баяртай байна. Дээд сургуулиа төгсөөд "Дата центер"-т байгууллагуудын Дата сервис байгуулах ажлыг хийж байсан. Ажлаасаа чөлөө авч цэргийн алба хаана гэхэд байгууллагын удирдлагууд маш дуртай хүлээж авч албаа амжилттай хаагаад эргэж ажилдаа ороорой гэсэн. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд олон дарга нарын заасан зүйлийг сайн сурч, эх орондоо хэрэгтэй иргэн болох эхлэлээ энэ цэргийн албанаас эхлүүллээ гэж бодож байна. Харьцангуй цэргийн албаны талаар мэддэг гэж боддог юм. Яагаад гэвэл манай аав ээж цэргийн холбоочин хүмүүс байдаг. Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид насаараа холбоочин телеграфчинаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тийм ч учраас цэрэг хүний ажил үүргийг эрхэмлэн дээдэлж явдаг. Хэдийгээр би нэг жилийн цэргийн алба хааж байгаа ч гэсэн охиндоо хүндлүүлэхээр хугацаат цэргийн албаа нэр төртэй хаахаар хичээж байна. Охин маань одоо 2 сартай аавынхаа тангарагын баяр дээр ирнэ.
Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч Г.МӨНХ-ЭРДЭНЭ:
-Би цэргийн албанд ирэхээсээ өмнө Зэвсэгт хүчний 017 дугаар ангид энгийнээр гагнуурчин хийж байсан. Тэр үед цэргийн зарлан ирэхээр нь хамгийн түрүүнд очиж байгаад саналаараа энэ ангидаа хугацаат цэргийн албаа хаахаар ирээд байна. Өмнө нь энгийн байсан одоо байлдагч болсон үе маш ялгаатай. Энэ ангид ажиллаж байсан хэдий ч цэрэг хүн ямар их үүрэг хариуцлагатай байж ямар их зүйлийг энэ цэргийн албанаас сурч болдгийг мэдэрч байна. Мөн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хувьд маш давуу талтай хос мэргэжилтэй болдог. Миний хувьд ховор боломж гэж харж байна. Хугацаат цэргийн албаа үлгэр жишээч хаагаад ирээдүйд Монгол Улсын Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэл мөрөөдөлтэй явдаг.
Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч О.БЯМБА-ОЧИР:
-Зүүнбаянд байдаг цэргийн ангид 4 найзын хамт хугацаат цэргийн алба хаана гэж ярилцаад цэргийн албанд ирсэн. Гэтэл биднээс 2 нь Зүүнбаянгийн анги руу, нэг нь Зэвсэгт хүчний 015 руу татагдаж би 017 дугаар ангид ирээд байна. Найзуудаасаа салсан гэж ихэндээ дурамжхан байсан хэдий ч энэ ангидаа ирж дотор нь ороод олон дарга нараар цэргийн анхан шатны сургалтуудад хамрагдаж эхэлснээр маш гоё ангид ирснээ мэдэрч байна. Миний хувьд ШУТИС-ийг Геодезийн инженер мэргэжлээр төгссөн юм. Цэргийн албаа хаачихаад мэргэжлээрээ Герман улсад сургуульд сурах төлөвлөгөөтэй байгаа. Цэргийн алба бол бие бялдраа хөгжүүлэх, төрийн албанд ажиллах том боломж төдийгүй эр хүн бүрийн заавал давах даваа гэж бодож байна.
Мөн хамт шийдвэр гаргаж цэргийн албанд татагдсан найзууддаа хандаж бүгдээрээ албаа үлгэр жишээч хаагаад эргээд баяртай уулзая гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Соёмбо сонин
Сэтгэгдэл ( 0 )