Энэ сарын 26-нд сурагчид ”Иргэний андгай” өргөнө

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Монголын Залуучуудын Холбоо “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагааг 2002 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил Монголын Улсын Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ “Тусгаар тогтнолын өдөр” буюу энэ сарын 26-нд Төрийн Ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Монголын Залуучуудын Холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй уг ёслолд нийслэлийн 7 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 800 сурагч оролцож, шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэйгээр гардаж авах юм. Мөн МЗХ-ны орон нутгийн салбар холбоод аймгийнхаа ЗДТГ-тай хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ыг тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулах аж.

Монгол  Улсын иргэн болж, иргэний  үнэмлэхээ  гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охид  хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, эх оронч үзэлтэй шудрага иргэн байх үүргээ биелүүлэхээ андгайлах юм.

Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар залуустаа хандаж үг хэлэх бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Залуучууда сайхан амьдарья” лекц унших аж.

Энэ сарын 26-ний өдөр болох Иргэний андгай өргөх ёслол"-д Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа, “Амжилтын хэлхээ” ТББ-ын тэргүүн, “Сэлмэн хөлт” гүйгч О.Саранчулуун, “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхлан,УДЭТ-ын жүжигчин Б. Шинэбаяр, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Загвар өмсөгч С. Сарнай, Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Билгүүн нар урилгаар оролцохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top