Малын эмчийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах судалгааны төвийг нээлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

ХААИС-ийн Мал Эмнэлгийн Сургууль  “Малын эмчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт судалгааны төв”-ийг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Гавьжийн шандад /Өлзийт хороолол/  байгуулж, өчигдөр нээлээ.

Тус төв  мал амьтны өвчин эмгэгийг лабораторийн иж бүрэн шинжилгээ, рентген болон хэт авианы аргуудаар оношлох боломжтойн зэрэгцээ, мэргэжлийн эрдэмтэн багш нарын хамт  докторант, магистрант, бакалавар оюутнууд тогтмол ажиллаж  мэргэжлийн ур чадвар эзэмших, хөгжүүлэх, мал бүхий иргэдэд шаардлагатай үйлчилгээг  үзүүлэх зорилготой юм. 

Энэхүү төвийн талаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав  “Тус төвийг ХААИС-ийн “Хээрийн судалгааны лаборатори” төслийн санхүүжилтээр байгуулж, /ЖАЙКА/, ХХААХҮЯ, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Мал эмнэлэг, МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд лабораторийнхоо тоног төхөөрөмжийг баяжуулсан. Мэргэжлийн ур чадвартай малын эмч нарыг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлсэн лабораторитой болж байгаадаа баяртай байна” гэлээ.

Харин ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа “Монгол Улсын хэмжээнд 1000-аад мал аж ахуйн нэгжид, 1500 гаруй малын эмч ажиллаж байна. Нэг малын эмчид 34 мянган мал ноогдож байна гэсэн үг. Тиймээс малын эмч нар маш их ачаа үүрч байгаа. Чадварлаг малын эмч бэлтгэхэд энэ төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Тус төвийг төвийг түшиглэн  хээрийн судалгаа хийх, эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх, малын эмч нарын төгсөлтийн дараах сургалтуудыг  зохион байгуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх  зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top