”Цэнгэл” нууранд унасан машиныг татаж гаргахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 15

Өнөөдөр өглөөний 09:34 минутад Хөвсгөл аймгийн төвөөс 70 км зайтай Түнэл сумын Цэнгэл нууранд ЗИЛ-130 автомашин цөмөрч живсэн гэсэн дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан албан хаагчид гарч ослын газар очжээ. Аврах ажиллагаа 12:00 цагаас эхэлсэн бөгөөд автомашин нуурын эргээс 34 метр, найман метрийн гүнд живсэн байна. Цэнгэл нуурын урт нь 1000, өргөн нь 800 метр орчим тогтмол нуур юм байна. Автомашинд жолоочоос гадна хоёр иргэн явж байсан, эдгээр иргэд бүгд өөрсдөө нуураас гарчээ.

Живсэн автомашиныг Урал маркийн  хүнд даацын автомашинаар татаж гаргахаар ажиллаж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх живсэн автомашин шатахуун тээвэрлэж явсан талаар бичиж байгаа бөгөөд энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Уг машин чиргүүлгүй явсан бөгөөд ямар нэгэн шатахуун зэрэг ачаа тээвэрлэж яваагүй болохыг албан ёсоор мэдээлье" гэлээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top