Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дах Цэнгэл нууранд таван тоннын даацтай шатахуун тээвэрлэдэг цистерн осолдсон талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Өнөө өглөө Онцгой Байдлын Ерөнхий Газрын Шуурхай удирдлагын төвд Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт шатахуун тээвэрлэх зориулалттай машин мөс цөмөрсний улмаас осолдсон мэдээлэл 09:00 цагийн үед хүлээн авсан байна. Уг машин нь таван тоннын даацтай, чиргүүлгүй явсан бөгөөд осолдох үедээ шатахуун тээвэрлээгүй байжээ.
Осолдсон машин нуурын эргээс 7-8 метр зайд, кабин нь харагдах төдий байгаа бөгөөд нуур нь дөрвөн метр орчим гүн гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа гэдгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр хэллээ.
Дуудлага авсан даруйд онцгой байдлын бие бүрэлдэхүүн мөс цөмөрсөн газарт очиж ажиллахаар явсан байна.
Одоогийн байдлаар жолооч бэртэж гэмтсэн эсэх яагаад нуурын дээгүүр явж байсан зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд аврагчид болон холбогдох байгууллагынхан ажиллаж шалтгааныг тогтоох юм байна.
ЖИЧ: Хэдийгээр цаг агаар хүйтэрч байгаа ч томоохон гол, нуурууд бүрэн хөлдөж, мөсний давхрага бэхжээгүй байгаа тул мөсөн замын тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )