Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хөдөө орон нутаг руу хурдацтай тархаж буй талаар Ховд аймгийн Ховд их сургуулийн багш Б.Отгонцэцэгтэй ярилцлаа.
- Хар тамхины хэрглээ газар авч, хотын залуус мансууруулах бодистой холбогдох нь ихэссэн гэсэн судалгаа гарсан. Тэгвэл хөдөө орон нутагт энэ байдал хэр их ажиглагдаж байна вэ?
- Манай аймагт сүүлийн таван жилийн байдлаар өсвөр насныхны дунд мансууруулах бодисоос илүү газ хэрэглэх явдал газар авсан. Тйим учраас бид мансууруулах бодис нэрийн дор газ хэрэглэх явдлыг нарийвчлан авч үзэж байна.
- Газ хэрэглээд эрсдэлд орсон хүүхэд бий юу?
- 2014 оны байдлаар Орон нутгийн цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу 20 гаруй хүүхэд газ хэрэглээд мансуурч баригдсан бүртгэл бий. Нэг дор долоо наймуулаа хэрэглэж байгаад баригдсан тохиолдол олон. Мөн 2014 онд нэг хүүхэд газ хэрэглэж байгаад амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Тйимээс бид хүүхэд хамгааллын суурь судалгааг хийж эхэлсэн. Энэ судалгааны явцад хилийн боомт нутгууд дээр энэ асуудал ярвигтай байдаг нь харагдсан. Хар тамхи гэхээсээ илүүтэй боомт газрын хүүхдүүд ээж, аавыгаа дагаж хил гардаг. Хил гарсан хүүхдүүдийн зарим нэг нь бэлгийн дур хүсэл ихэсгэдэг эмийн бэлдмэлийг авч орж ирсэн тохиолдол байсан. Тэгээд ангийнхаа хүүхдэд өгөхөөр завдсан асуудал судалгааны явцад харагдсан. Ер нь хилээр эм эмийн бодис хараа хяналтгүй орж ирэх явдал их байдаг юм билээ.
- Хүүхдүүд хил давуулж эм оруулж ирсэн нь мөнгө олох зорилготой юу?
- Үгүй. Энэ бол ерөөсөө л бие хүний төлөвшөөгүй байдал, хүүхдийн гэнэн томоогүй, саваагүйтэх зангаас болсон. Өсвөр насны хоёр хүү ангийнхаа охинд өгөхийг завдсан хэрэг юм. Ер нь энэ асуудлыг нийгмээрээ их цочмог хүлээж авч, айдас түгшүүр дагуулсан зүйл юм. Бид үүнийг судална гэхээр массыг бүрэн хамарч чаддаггүй. Энэ асуудлыг илрүүлнэ, тархалт ямар байгааг тодорхойлох боломж хомс байна. Асуудал нь өөрөө далд нуугдмал явагддаг учраас тэр. Яг л гэр бүлийн хүчирхийлэл шиг мансууруулах бодисын асуудал нуугдмал байдаг. Тийм учраас үүнийг хөндөхөд төвөгтэй. Бид бас газ хэрэглэж байсан хүүхдүүдтэй бүлгийн ярилцлага хийж үзсэн. Тэдгээр хүүхдийг олж ярилцахын тулд үнэхээр ярвигтай бэрхшээл туулсан. Эдгээр хүүхэдүүд нь нийгэмд ил гардаггүй. Ихэвчлэн 14-19 насны хүүхдүүд байсан. Газ үнэрлэж мансуурах явдал нь өсвөр насны хүүхдүүдийн дунд өргөн тархах магдлалтай байна. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр хүүхдүүдэд энэ талаар мэдлэг алга. Хортой гэдгийг нь мэддэг боловч яг ямар хортойг нь мэддэггүй. Магадгүй энэ асуудлыг том масс хамраад яриад байх нь зохимжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ингээд яриад байхаар сүүлдээ хүмүүс байдаг л асуудал мэт үздэг болчих вий. Хэрвээ ийм нөхцөлд байдалд орчихвол энэ нь тархах үндэс суурь болчих юм.
- Хүүхдүүд ямар учраас газыг хэрэглээд байна вэ?
- Ерөнхийдөө үе тэнгийнхэний нөлөөллөөр болон өөрөө сонирхоод хэрэглэж байна. Ихэвчлэн хүүхдүүдийн хэлж байгаагаар сонирхоод найз нартайгаа хэрэглэсэн гэдэг.
- Орон нутагт газ хэрэглэх нь их байна уу, мансууруулах бодис хэрэглэх нь их байна уу?
- Үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Орон нутагт мэдээлэл олж авахад хүндрэлтэй. Төрийн байгууллагууд зарим нэг асуудлыг нууцлах тохиолдол байдаг. Тийм учраас мэдээлэл олж авах хэцүү.
- Үүүнээс сэргийлэх ямар арга хэмжээг авч байна?
- Дан ганц мансууруулах бодисын асуудал ч биш. Үүнд хувь хүний суурь хүмүүжил, гэрийн хүмүүжил маш чухал. Сүүлийн үед гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл алдагдах болсон. Бид хүүхэд хөгжлийн болон сургалтын судалгаануудыг хийж байсан. Тэгэхэд эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд даатгаад хаячихаж байсан. Багш нар хүмүүжүүлж байгаа гэсэн нэртэй. Гэвч үндсэндээ тухайн хүүхэдтэй багш 4-5 цаг орчим хамт байдаг. Тэгээд амьдралынхаа 24 цагийн ихэнхийг гэртээ эцэг эхтэйгээ эсвэл, гадуур өнгөрүүлж байна. Гэрийн суурь хүмүүжил байхгүй учраас хүүхдийг мянга сайн болгох гээд хичээгээд бүтэхгүй. Тэгэхээр анхны сууриас нь эхэлж хүүхдийг зөв байлгах хэргтэй. Ингэж байж хойш хойшдоо үе үеэрээ зөв болж төлөвшинө. Нэгэнт мансууруулах бодис, газ хэрэглээд гүнзгийрсэн хүмүүсийг боль гэж хэлээд эмчлэхэд ямар их зардал гарч байна. Улс үндэстэний хувьд ямар их хохиролтой болов. Тэгэхээр энэ болгоныг засъя гэвэл сууриас эхлэх хэрэгтэй.
Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 0 )