Орон нутгийн замд хяналт тавин ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Өнгөрсөн шөнө буюу 12-13-ныг шилжих шөнө их хэмжээний цас орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдсан учир иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам тээврийн хөгжлийн сайд Улсын хэмжээний зам, байгууламжийг өнөөдөр өдрийн 13:00 цагаас маргааш өглөөний 10:00 цаг хүртэл хааж, автотээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тушаалыг гаргасан талаар бид та бүхэнд мэдээлсэн. Тэгвэл орон нутгийн замд нөхцөл байдал ямар байгаа талаар багцлан мэдээлье.

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар яг одоо цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан томоохон зам даваа хаагдаж, олон машин техник цасанд боогдоод байгаа гэх мэдээлэл байгаа ч яг хаана хичнээн тээврийн хэрэгсэл саатсан талаар одоохондоо тодорхой болоогүй байна.

Мөн яг одоо Дархан-Сүхбаатар-Алтанбулаг, Шаамар-Түшиг чиглэлд цас орж, бага зэрэг шуурч байгаа бөгөөд Сэлэнгэ АЗЗА ТӨХЗ-аас Дархан чиглэлд цасны машин, Алтанбулаг чиглэлд автогрейдер гарган автозамын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байгаа ажээ.

Онцгой байдлын алба хаагчдын хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд томоохон зам даваа хаагдсан эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Иргэдийн зүгээс орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг Улаанбаатар луу оруулах эсэх талаар маш их асууж байгаа бөгөөд энэ талаар Онцгой байдлын газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Өнөөдөр Улаанбаатраас гарах бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна. Үүнд хувийн авто машин, хот хоорондын зорчих тээвэр гэх мэт бүгд хамаатай. Харин орон нутгаас цаг агаар арай тогтуун байхад гарсан ч замдаа цасанд боогдсон болоод нийслэлийг зорьж ирсэн машинуудыг бол нэвтрүүлнэ. Цаг агаарын нөхцөл байдлын талаар бид цаг алдалгүй мэдээлж байх болно” гэлээ. 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

Хэрэв та төв, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авна уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top