“Майхан уулын булш”-ийг музей болгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 13

Булган аймгийн Баяннуур сумын нутаг, Майхан ууланд эртний түрэгийн язгууртны бунхант булш бий. Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах хууль”-ийн дагуу улсын хамгаалалтад байсан энэ булшийг туркууд музей маягаар засч тохижуулаад өөрсдийн хамгаалалтад байлгахаар болжээ.    

“Майхан уулын бунхант булш” гэж алдаршсан уг дурсгалыг Монгол, Казахстаны хамтарсан экспедицийн судалгааны үр дүнд 2011 онд илрүүлсэн юм. Шарилыг түрэгүүдийн байгуулсан анхны төрт улс болох МЭ 552-744 оны оршин тогтнож байсан Гөктүркийн үед хамаарахыг хожим судалгаагаар тогтоосон юм. Бунханы ханан дээр зурсан зураг нь Гөктүркийн үеийн урлагийн талаарх төсөөллийг эрдэмтдэд өгч чадах цорын ганц эх сурвалж, дурсгал гэдгээрээ Турк улсын хувьд хосгүй үнэ цэнэтэй зүйл болохыг тус улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгч Вейсел Чифтчи орон нутгийн хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа онцлон дурьджээ. Хоёр улсын төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны ачаар ийнхүү Майхан уулын булш удахгүй музей хэлбэрээр тохижуулагдан, жуулчдын аяллын маршрутад орох нь тодорхой болов. 

 

С.Алдар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top