Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчөөр Б.Ганбаатар дахин сонгогдлоо

2016 оны 11 сарын 08

2016.11.04. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит 16 дугаар Их хурал “Танан” төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, нийслэл болон орон нутгийн 173 хуульч, өмгөөлөгч их хурлын төлөөлөгчөөр оролцлоо.

Тус их хурлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2013-2016 оны ажлын тайлан”-г тавьж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн дарга Л.Хатанбаатар хяналтын зөвлөлийн санхүүгийн тайланг хуралд оролцсон нийт өмгөөлөгчдөд тавьсан юм. Хурлын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийг сонгох, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 8 гишүүнийг сонгох, Хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг сонгох сонгууль болов. Сонгуулиар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчөөр Банзрагчийн Ганбаатар дахин сонгогдлоо. Удирдах зөвлөлийн 8 гишүүнээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Л.Шинэн, Д.Батсүх,, Г.Оюунцэцэг, Ж.Батзоригт, З.Сүхбаатар, Б.Оюу-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Ц.Гансүх нар сонгогдсон юм. Хяналтын зөвлөлийн гишүүнээр хуульч, өмгөөлөгч М.Баасанбат, Б.Баатарсайхан, Ж.Ариунаа нар төлөөлөгчдөөс олонхын санал авчээ.

Их хурлын үеэр Өмгөөллийн тухай хуулийн төслийн талаар төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодлыг нь сонссон нь талархал хүлээсэн үйл явдал боллоо гэж хуульчид ярьж байлаа. Хурлын төгсгөлд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны анхны ерөнхийлөгч асан, Үндсэн хуулийн цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаа, академич, доктор, профессор С.Нарангэрэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Б.Пүрэвням нар хүрэлцэн ирсэн нь өмгөөлөгчдийн хувьд жинхэнэ сьюрприз болж чадсан юм.

Энэ удаагийн Ээлжит 16 дугаар Их хуралд үе үеийн 5 ерөнхийлөгч буюу академич Ж.Амарсанаа, академич С.Нарангэрэл, Б.Пүрэвням, Д.Батсүх, Б.Ганбаатар нар нэг дор цугларсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй онцлог үйл явдал болсон юм. Хурлын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хууль зүйн салбарт оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, ХЗЯ-ны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Л.Жавзмаа, С.Дангаасүрэн, С.Нэргүй, Б.Болортуяа, Говьсүмбэр аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Э.Сайханаа нарыг, ХЗЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч С.Ариунцацрал, Ц.Эрдэнэбат нарыг тус тус шагналаа. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит 16 дахь Их хурлын үйл ажиллагаанд зориулж, хуульч А.Гансүх 3,000,000 төгрөг, өмгөөлөгч С.Нэргүй 100,000 төгрөгийн хандив өргөлөө. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байрыг худалдаж авахад зориулж, Ховд аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Алтанбадралт өөрийн зүгээс 1,000,000 төгрөгийн хандив өргөж, энэхүү санаачлагыг үргэлжлүүлэхийг нийт өмгөөлөгчдөд уриалав. Энэхүү санаачлагыг дэмжиж Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга З.Нямсүрэн Дорнод аймгийн нэрт өмгөөлөгч "Зулзагын Уранцэцэг" сангаас 1,000,000 төгрөг, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, Д.Дэлгэрцэцэг нарын зүгээс 1,000,000 төгрөгийн хандив өргөхөөр боллоо.

Мөн энэ үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Энхзаяа тэргүүтэй 4 өмгөөлөгч 2017 оны гишүүний татварыг урьдчилан төлж, нийт гишүүн өмгөөлөгч нарт уриалга гаргасныг дуулгахад таатай байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлж, хандив өргөсөн гишүүн хуульч өмгөөлөгч та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huulich(122.201.22.29) 2025 оны 03 сарын 13

Kkkk nert umguulugch..... Bolioch dee,,,

1  |  0
Top