26 жилийн турш хэрэгжсэн “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоо Хятад улс хүчингүй болгосон билээ. Тэгвэл энэхүү бодлого хэрэгжих 26 жилийн дотор зорилгоо биелүүлсэн эсэх, хүчингүй болсноор ямар үр дүн гарах, дэлхий нийт ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ.
1979 онд хоол хүнсний хомсдлоос сэргийлэх зорилгоор “Нэг өрх-нэг хүүхдийн бодлого”-ыг санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Намын удирдлагуудын төлөвлөснөөр энэ бодлого нь Хятадын эдийн засгийн амбицийн нэг хэсэг болох учиртай байв. Гэр бүлийг зөвхөн нэг хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг, зөрчвөл санхүүгийн болоод эрүүгийн чанга хатуу хариуцлага хүлээлгэх заалт бүхий энэ хууль ийнхүү 26 жилийн турш хэрэгжжээ. Хорвоод мэндэлж чадаагүй хүүхдийн амь, хүчээр үр хөндүүлсэн эхчүүдийн цус, нулимсаар угаагдсан 26 жилийг төсөөлөхийн тулд доорх баримттай танилцана уу.
-400 сая төрөлтийг хүчээр зогсоосон (НҮБ-ын тооцоогоор)
-Тогтоосон системийг хэвийн ажиллуулахын тулд 460 сая фунт стерлинг зарцуулж байв
-Эсэн мэнд төрсөн 1.16 хүүд, нэг охин ногдох болсон.
-Хүүхэд хэтрүүлсний төлбөрт хоёр их наяд юань буюу 206 тэрбум фунт стерлинг улсын орлого болгосон гэсэн тоо баримт л үлдэж хоцорчээ.
БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны мэдээлснээр, 26 жилийн хугацаанд 350 сая жирэмслэлтийг хүчээр зогсоосон байна. Энэ нь жилд 13 сая, цагт 1500 үр хөндөлт явагддаг байсан гэсэн үг юм. Бодлого хэрэгжиж эхэлсэн 1979 онд үр хөндөлт хамгийн их буюу 196 сая байсан бол үүнээс хойш огцом буурсан. Бодлого хэрэгжээд ганцхан жил өнгөрч байхад иргэд гэр бүл төлөвлөлтөд хариуцлагатай ханддаг болсон гэхэд итгэхэд хэцүү ч дараагийн жилүүдэд үр хөндөлтийн тоо эрс буурч иржээ.
Хорвоод мэндлэх хувь дутсан үрийнхээ цогцсыг харан уйлж суугаа залуу эхийн зураг хэдэн сарын өмнө интернэтэд тавигдсанаас хойш дэлхий нийт энэ бодлогыг эрс шүүмжлэх болсон. Төлбөрийн чадваргүй хэмээн улсаас дарамталж, долоон сартайд нь хүчээр үр хөндүүлсэн энэ тохиолдлын дараа тухайн эмнэлэг олон нийтээс уулчлалт гуйхад хүрч байв. Мөн Олон улсын хүний эрхийн “Эмнести энтернейшнл” байгууллага энэ асуудлыг байнга хөндсөөр иржээ.
БНХАУ бодлогоо цуцалсныг “Хоол ундандаа санаа зовсондоо үр хүүхдээ тэвчиж байсан айл чинээлэг болоод ирэхээрээ үр удамдаа анхаарч байна” гэж ойлгон зөвших улс байхад “Худлаа” хэмээн хардах нь ч байна. Тэдний зөв, бодлого цуцалсан нь зөвхөн эдийн засагтай холбоогүй ч байж мэднэ. Бодлоготой хобоотой гарч байгаа сөрөг үр дагаврын талаарх мэдээллийг судалж үзэхэд албан ёсны мэдээлэлд өгүүлээгүй үндсэн гурван шалтгаан жин дарж байгаа юм.
Нэгдүгээрт, бодлого цаашид хэрэгжлээ ч үр дүнгээ өгөхөө байсан. Хятад улсад хосууд гэр бүл болохдоо орон нутгийн захиргаанд багагүй хэмжээний мөнгө төлөх ёстой байдаг. Ингээд олон жилийн дараа нэгээс дээш хүүхэд гаргаагүй, өөрөөр хэлбэл, “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогыг зөрчөөгүй тохиолдолд мөнгөө буцааж авах хууль үйлчилдэг. Гэтэл эдийн засаг өсч, иргэдийн амьжиргаа сайжрахын хэрээр ийм байдлаар тушаагдсан мөнгө улсын орлого болох явдал олон гарах болжээ.
Хоёрдугаарт, олон улсын зүгээс ирэх дарамт шахалт. Машинд мөргүүлэн ухаангүй хэвтэх бяцхан охины хажуугаар жишим ч үгүй өнгөрөн явах хятад иргэдийг харуулсан бичлэг интернэтэд тавигдсаныг манайхан санаж байгаа биз ээ. Энэ бичлэг цацагдсанаас хойш гадаад ертөнцийн зүгээс хятадуудыг үнэлэх үнэлэмж үлэмж буурч, “Хятад улс үнэхээр л дэлхийн өндөр хөгжилтэй гүрэн гэж тооцогдох гээд байгаа юм болэхлээд хүний хөгжил, эрхийг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй” гэсэн суртал ухуулгыг ихээр хийх болсон.
Гуравдугаарх буюу хамгийн гол ч байж болох шалтгаан нь хүний хөгжилтөй холбоотой. “Бяцхан эзэн хаадын хэнээрхэл” хэмээх нэр томъёог үүсгэсэн эрх танхи, бие даах чадваргүй хятад “айлын ганц”-ууд эдүгээ эрийн цээнд хүрч, үндэстнээ хорлох хэмжээнд ирээд байна. Энэ бүх шалтгааны улмаас аль хоёр жилийн өмнөөс л урд хөршид “Шинэ хүүхдийн тэсрэлт” гэж нэрлэгдсэн үйл явдал болж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “Нэг өрх-нэг хүүхэд” хөтөлбөр цуцлагдаагүй байсан ч “Шинэ хүүхдийн тэсрэлт” болж байсан, цаашид ч байх гэнэ.
Эдийн засагтаа хэт анхаарч, хүний хөгжлийн асуудалд анхааралгүй хандсанаас БНХАУ одоогийн хүрсэн өндөрлөгөө алдаж ч магадгүй байдалд хүрээд байгаа. Дотоодын энэ бэрхшээлтэйгээ тэмцэхийн тулд зөвхөн “Нэг хүүхдийн бодлого”-ыг цуцлаад өнгөрөх нь учир дутагдалтай гэж “Эмнести Интернейшнл” анхааруулж байна. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Улс бодлогоо цуцалсан ч хятад эмэгтэйчүүд аюултай байдалд хэвээр үлдэнэ. Хүүхдийн амийг юман чинээ бодохоо больсон төрөл төрөгсөд нь бодлого хэрэгжүүлсэн хэвээр байна” хэмээн анхааруулжээ. Энд тодруулахад, эрх баригчид нэг хүүхдийн бодлогоос хоёр хүүхдийн бодлогод шилжиж байгаа болохоос олон хүүхэдтэй болохыг зөвшөөрч байгаа хэрэг биш. Тиймээс гурав дахь хүүхдийг ч мөн өрөвлдөлтэй хувь заяа тоссон хэвээр байгаа юм.
С.Алдар

Сэтгэгдэл ( 2 )
fucking china
*** china