Эрх зүйн орчин сайжирч, зэвсэгт хүчиндээ залуучууд итгэж байгаагийн тод илрэл

2016 оны 11 сарын 05

Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэн төгөлдөржиж байна. Монголчууд хэзээнээсээ Зэвсэгт хүчнээ хайрлан дээдэлж, цэргийн алба хаагчдаа хүндэтгэж явдаг сайхан уламжлалтай ард түмэн. Салбарын эрх зүйн шинэчлэлийн тухай, Зэвсэгт хүчний өнөөгийн өнгө төрхийн тухай урлаг, спортын зарим оддын сэтгэгдлийг сонирхлоо.

МАНАЙ ЦЭРГҮҮД ЭХ ОРОНДОО ТОМ ТУС ХҮРГЭЖ БАЙГАА

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:

-Саяхан цэрэг татлага боллоо. Иргэний хувиар харж байхад жилээс жилд цэргийн албанд татагдах залуусын тоо нэмэгдэж байна. Энэ бол 18 нас хүрсэн эр хүн бүр Үндсэн хуульд заасны дагуу цэргийн алба хаана гэсэн үүргээ биелүүлэхээс илүүтэй Зэвсэгт хүчний өнгө төрх гэрэлтэй байгаагийн шинж. Эрх зүйн орчин сайжирч, Зэвсэгт хүчиндээ залуучууд итгэж байгаагийн тод илрэл гэж харж байна. Түүнээс биш хуульд заасан, заагаагүй элдэв шалтаг шалтгаан тоочоод цэргийн албанаас зугтаж болно шүү дээ. Харин одоо зугтах нь битгий хэл "Тэнцэхгүй байсан ч оруулаад өг" гэж хэрүүл зарга хийгээд яваа юм биш үү. Үүнийг би сайн зүйл гэж хэлэх байна. Дээрээс нь манай бүсгүйчүүд эрчүүдийгээ "Архи уудаг, ажилгүй, тааруухан" гэж голоод гадаадын эрчүүдтэй гэрлэж байна гэж хэвлэлээр гарах юм. Тэгвэл эрчүүдээ цэргийн албанд татаж, бие хүн болгож төлөвшүүлж, амьдралаа авч явах сэтгэл, зүтгэлтэй болгосноор хүн ам зүйн бодлогод ч хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол цэргүүд өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа тухай ярих санаа байна. Олон улсын хэмжээнд авч үзвэл манай гадаад бодлогын "энхийг эрхэмлэсэн", "олон тулгуурт" байх, "улс төр, дипломатын аргыг чухалчлах" зэрэг зарчмыг өнөөдөр Монголын Зэвсэгт хүчин гүйцэтгэж байна гэж харж байна. 
Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас болж байгаагийн зэрэгцээ үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагтаа дэмжлэг үзүүлж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаас өнөөдөр дэлхийн орнууд зэвсэглэлээр хөөцөлдөж байна. Энэ нь хэзээ нэгэн цагт дэлхий дахинаа дайн болохын шинж байж мэднэ. Ийм үед манай цэргүүд олон орны цэргийн ур чадвараас суралцах, тайванМонгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн: бус оронд өөрийн тусламжийг үзүүлж байгаа нь хэтдээ нэмэр болохыг үгүйсгэхгүй. Миний хувьд Орхон, Дархан, Өмнөговь аймгуудын Зэвсэгт хүчний анги, байгууллагад очиж үзэхэд алба хаагчдын мэргэжил, ур чадвар, арга зүй өндөр мөртлөө зэвсэглэл нь тааруухан байгаа мэт санагдсан. Монголын төр, засаг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ хүчтэй байлгахын төлөө гар татаж болохгүй. Энэ үүргээ ухамсарлаж эрх зүйн шинэчлэлийг нь дэмжиж баталсан болов уу гэж харж байна. Энэ завшааныг ашиглаад хуучны "Улаан-Од" буюу одоогийн "Соёмбо" сонины уншигчид та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

БИДНИЙ АМЖИЛТЫН ЦААНА ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ БАЙДАГ

"Харанга" хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, дуучин Ц.Чулуунбат:

-Эр хүн болж төрсөн бол цэргийн алба хаах ёстой гэсэн бичигдээгүй хууль байх ёстой. Үндсэн хуульдаа тусгасан, тусгаагүй хүн бүрийн тархинд бат суусан байх ёстой ойлголт. Гадаадын орнуудад бол баян, ядуу ялгаагүй цэргийн албаа хааж байна. Манайд харин ямар төвшинд байгааг нь төдийлэн сайн мэдэхгүй юм. Ер нь цэргийн алба гэдэг чинь өөрөө хүнийг хүн болгож чаддаг онцгой газар. Цэрэгт явсан залуу ямар ч байсан эхнэртээ гар хүрэхгүй, ээжийгээ гомдоохгүй, худлаа хэлж, хулгай хийхгүй болов уу. Нөхөрлөлийн мөн чанарыг ойлгож, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх болов уу. Үүний тод жишээ гэвэл манай "Харанга" хамтлагийнхан байна. Би өөрөө 1977-1980 оны цэрэг. Бусад маань 1973, 1978 оны цэргүүд. Бидний өнөөдрийн амжилт цэргийн албатай салшгүй холбоотой гэж боддог шүү. Зорьсон бол шантрашгүй зүтгэх сэтгэлийн хатыг, насаараа цугтаа явах анд нөхөрлөлийг энэ сайхан албанаас авсан гэж хэлэх дуртай. Миний хувьд Барилгын 012 дугаар ангид гурван жилийн алба хаахдаа барилгачин болоогүй ч гэсэн барилга, засал чимэглэлийг бол сурчихсан юм даа. Зуны байшингийнхаа дизайн зураглалыг өөрөө гаргачихаж байна. Энэ л чухал шүү дээ. Амьдралдаа юм хийж сурсан байна гэдэг чухал. Зэвсэгт хүчинд өөрийнхөө амьдралын 10 гаруй жилийг зориулсан хүний хувьд гэгээн сайхан дурсамж дүүрэн. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монгол цэргүүд дүрвэгчдийн амь насыг аварлаа, цэргийн албанд татагдах залуусын тоо олон боллоо зэргийг сонсоод баярлаж л суудаг юм. Монгол цэрэг бүр Монгол Улсын нэр төртэй иргэн байж чадна. Би үүнд итгэдэг.

ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БОЛГОХОД БАГААС НЬ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн:

"Монгол айлд хүүгээр бүл нэмэхэд "эх орноо манах эр цэрэгтэй боллоо" хэмээн бэлгэшээдэг. Монголын сайхан эх орноо, ард түмнээ айх аюулгүй, амар жимэр амьдруулах энэхүү эрхэм агаад хариуцлагатай үүргийг мянга мянган жил Монгол цэрэг нуруундаа үүрч яваа. Цаашид ч дайчин уламжлалаа ёс төртэй хадгалж явна гэдэгт итгэлтэй байна. Эрх зүйн орчноо дагаад өөрчлөлт шинэчлэлийг зөв оновчтой хэрэгжүүлж ажиллана байх. Тамирчин хүний хувьд хэлэх санаа надад бий. Юу гэхээр цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй байгаа залуусын тоог багасгахын төлөө холбогдох яамтай нь хамтарч бодлого боловсруулах ёстой. Одооны залуучуудын олонхи нь биеийн хүчний ажлаас зугтаж, ширээний ард суугаа ажил хийх дуртай болж. Бие нь хөшингө, өвчлөмтгэй болж. Ирээдүйн хойчоо ийм нөхцөл байдалд хүргэхгүйн тулд дунд сургуулиас нь эхлээд биеийн тамирын хичээлийг үр дүнтэй болгож, спортоор хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ямар нэгэн спортоор хичээллэхийг нь таслан зогсоож болохгүй. Танай хүүхэд хичээл их хийж, онц сурлаа ч, хожим сульдаа биетэй болохыг үгүйсгэхгүй. Энэ нь түүний ирээдүйн амьдралд сөрөг нөлөөтэй байж таарна. Тиймээс хүүхдүүдээ спортоор хичээллүүлж байгаарай гэж захих байна. Ер нь миний хувьд Зэвсэгт хүчиндээ сэтгэл хангалуун явдаг хүн. Ёстой нөгөө "Илүү, илүү" гэдэг шиг "Та нар бусад салбараас илүү шүү" гэж хэлмээр байна. Монгол цэрэг эх орныхоо төлөө мянга мянган жил байлдсан. Эх орноо хамгаалах, хэрэгцээ гарсан үед түүний төлөө амиа ч өгөх нь цэргийн үүрэг. Ийм хөвгүүдээ Монголын төр харамгүй харж үзэх ёстой гэж боддог доо.

Эх сурвалж: Соёмбо сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top