Лас-Вегасын казиногоос 3000 хүнийг нүүлгэн шилжүүлэв

2016 оны 11 сарын 04

Невада мужийн Лас-Вегас дахь Caesars Entertainment компанийн казиногийн байрнаас 3000 орчим хүнийг өчигдөр нүүлгэн шилжүүлсэн байна. Тус компанийн дэд ерөнхийлөгч Рич Брум хэвлэлийн бага хурал дээр мэдээлэхдээ, өндөр цамхаг дотор цахилгаан эрчим хүч тасарснаас болсон гэжээ. 

Урьдчилсан шалгалтын байдлаас харахад, тус цамхагийн хонгилд ажиллаж байсан эрчим хүчний засварын фирмийн ажилтнууд цахилгаан дамжуулах кабелийг гэмтээснээс саатал үүсэн, казино доторх гал түймрийн дохиолол муу ажиллахад хүргэсэн аж.

Гал сөнөөгчид эхний ээлжинд цахилгаан шатанд гацаад байсан 11 хүнийг гаргаж авсан бөгөөд “Балли”, “Холливудын ертөнц” зочид буудлуудад байрлаж байсан үйлчлүүлэгчид шатаар өндрөөс буухад хүндрэлтэй байсан талаар гомдоллосон байна.

Мөн казинод тоглож байгаад хожсон мөнгөө хараахан гартаа авч чадаагүй  тоглогчид гомдолтой байсан тул цахилгаан хангамжийн доголдол засагдангуут хожлоо хүлээн авах хөнгөлөлтийг тэдэнд гардуулсан аж. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top