Х.Бат-Ялалт: “Улаан Чулуут”-д төрж байгаа хүүхэд “Зайсан”-д төрж байгаа нохойн гөлөгнөөс дор байна

2016 оны 11 сарын 04

Хуульч, Судлаач Х.Бат-Ялалт Шүүхийн Ерөнхий зөвлөлийг халз мэтгэлцээнд дуудсан юм. Энэ тухай болон шүүхийн буруу тогтолцоо, өнөөгийн нийгэмд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар ярилцлаа.


 


-       Та яагаад гэнэт шүүхийн буруу тогтолцоог  хөндөж, шүүхийн өндөр албан тушаалтнуудыг халз мэтгэлцээнд дуудах болов?

 

-       Би өөрөө хуульч хүн. Тиймд хуульчдийг төлөөлөн, Монголын шүүх ямарч хяналтгүй, хариуцлагагүй, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүсийн хараанд орж, юу ч хийхэд бэлэн болсон тухай хэлэх ёстой. Сүүлийн 20 жилийн турш хүний эрхийн чиглэлээр судалгаа хийсэн. Судалгаагаа хийж байх хугацаандаа “Засаглал ба тэгш хэмийн онол”, “Хүний эрхийн онол” гэсэн хоёр бүтээл гаргасан. Одоо байгаа шүүгч нар хүний эрхийг мэдэхгүй байна.  Шүүгч, төрийн албан хаагчид бүгд хүний эрхийг дээдэлнэ гэдэг хирнээ яагаад энэ тангаргаасаа няцаад байна вэ. Судалгаа хийх явцад хүний эрх анхдагч уу, төрийн эрх анхдагч уу гэсэн асуулт гарч ирсэн. Хүний эрхийн онол бүтээлдээ хүний эрх гэж юу болох, хэд ангилдаг, яаж хүний эрхэд тулгуурласан нийгэм бий болгохыг тусгасан. Өнөөдөр Монгол Улсад хамгийн үнэт зүйл улс төр болсон. Уул нь үнэт зүйл нь хүн байх ёстой.  Монгол Улсад хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн мөртлөө “Улаан Чулуут”-д төрж байгаа хүүхэд “Зайсан”-д төрж байгаа нохойн гөлөгнөөс дор байна. “Улаан Чулуут”-д төрсөн хүүхэд вакцин, ямар нэгэн халамжид хамрагдаж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Гэтэл “Зайсан”-д төрж байгаа нохойн гөлөг тустаа тогоочтой, эмчтэй, ахуй хангамжтай байна. Тийм учраас бид хүн бүхэн сайхан амьдрах нийгмийг байгуулах арга ухааныг тодорхойлохын тулд энэ ажлыг эхлүүлж байна.

-       Та таван хэргийг шүүхээс буруу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа гэсэн. Эдгээр хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзсэн ямарч шүүгчтэй та мэтгэлцэхэд бэлэн байгаа хэрэг үү?

-       Өнөөдрийн шүүх хэний ч хараанд орох боломжтой нь шүүгч нарыг зөв шийдвэр гаргаж чадахгүйд хүргэж байна.  Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд болсон үйл явдлаас харахад бүрэн мэдэгддэг. Ялангуяа албан тушаалын гэмт хэрэг, их хэмжээний үнийн дүнтэй холбоотой гэмт хэргүүдийг шалгахдаа буруу шийдвэр гаргаж байгаа юм. Тиймээс сүүлийн хэдэн жилийн хугацаанд болсон 5 хэргийг авч үзэн бүх хуульчдийг халз мэтгэлцээнд урьж байна.

-       Ямар таван хэрэг юм бэ? Нэрлэж болох уу?

-       Нэгдүгээрт Л.Гүндалай гишүүн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг эх орноосоо урвасан, тагнуул гэсэн мэдээлэл цацсан. Тэгээд Л.Гүндалай төрийн өндөр албан тушаалтныг гүтгэсэн хэргээр шалгагдсан. Нэгд нь  хүнд гэмт хэрэг, нөгөөд нь хүндэвтэр гэмт хэрэг үүсгэсэн тохиолдолд хэн нэгэн нь заавал хариуцлага хүлээх ёстой болсон. Гэтэл хэн нь ч хариуцлага хүлээгээгүй. Хэний ч оролцоогүй ажиллах ёстой Монгол Улсын шүүх нь улс төрчдийн нөлөөн дор ажилласан гэж үзэж байна.

Хоёрдугаарт нь УИХ-ын гишүүн, шадар сайд У.Хүрэлсүх “Фургон машин”-ыг намдаа хандивласан хэргээр 5.1 жилээр хорих ял анхан шатны шүүхээс гарсан. Гэтэл хэрэг нь хүчингүй болсон. Ямар шалтгаанаар хүчингүй болсон нь одоо болтол тодорхойгүй.

Гуравдугаарт “Хадгаламж” банкны Ч.Чимэдцэрэн  нягтлан бодогчтой холбоотой 14,5 тэрбум төгрөгийн хохирлыг шалгахдаа Монголын хууль, хяналтын байгууллага мөн л буруу шийдвэр гаргасан. Энэ хохирол өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Хамтарч хэрэг үйлдсэн хүмүүсээс хэн нь ч ял шийтгэл аваагүй байсаар байна.  Энэ хэргийг шүүх  улс төр, эдийн засаглалын нөлөөнд автаж шийдсэн гэж үзэж байна.

Мөн УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд 6.1 жилээр чанга дэглэмтэй ангид хорих шийдвэр гарсан. Гэтэл мөн л хэрэг нь хүчингүй болсон. Одоо төрийн түшээ хийгээд явж байна.

 Тавдугаарт “Хаан” банкны нэхэмжлэлтэй “Сэлэнгэ” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ “Хаан” банкны нөлөөнд автаж “Сэлэнгэ” ХХК-ийг хохироосон шийдвэр гаргасан зэрэг эдгээр тодорхой таван хэргийн жишээн дээр яагаад буруу шийдсэн гэж байгаа юм бэ гэдгээр эрх бүхий этгээдүүдтэй мэтгэлцэх болно.  Монгол Улсын шүүхийг буруу шийдвэр гаргадаг болохыг нотлох зорилготой юм.

-       Мэтгэлцээнээ ямар хэлбэрээр хийх вэ?  Таньтай мэтгэлцэх хүн байхгүй бол яах вэ?

-       Төрийнхөн надтай мэтгэлцэнэ гэвэл ямарч хэлбэрээр хийж болно. Нэг ч мэтгэлцэх хүн гарахгүй бол нийгэм ямар байгаа нь ард иргэдийн нүдэнд ил харагдана. Бид үүнийг хүссэн ч хүсээгүй өөрчлөх ёстой. Бид боолын нийгэмд амьдраагүй. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Хүн бүр тэгш эрхтэй байна” гэсэн үг хичнээн сая хүний цусаар хуульчлагдсан гэдгийг бид бодох хэрэгтэй. Хүн бүр тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа яагаад хэрэгжихгүй байна вэ гэдгийг асуумаар байна. Өнөөдөр боловсон хүчний үнэлэмж, монгол хүний үнэ цэнэ ямар байгаа, монголчууд өнөөдөр юугаараа үнэлэгдэж байгааг мэдмээр байна. Аль нутгийн, хэний хүүхэд, хэр их хөрөнгөтэй, ямар гарал үүсэлтэй, аль намд харъялагддагаар нь үнэлж албан тушаалд томилсоноос болоод төрийн бодлого унасан.Үнэхээрийн чадвартай хүнийг төрийн албанд тавьбал найман хүний хийх ажлыг нэг хүн ч хийж болохоор байна. Тэгэхээр энэ бол аливаа зүйлийг шударгаар үнэлээгүй, шударга ёсны зарчим алдагдсанаас болж Монгол Улсад маш олон тооны хямрал үүссэн.

-       Тэгэхээр таны бодлоор Монгол Улсын шүүх эрх мэдэлтэй хүний талд үйлчилж байна гэж ойлгож болох уу?

-       Ер нь Монголын шүүх дампуурсан, шинэчлэл хийх шаардлагатай байна. Өнөөдөр Монголын шүүгч нар цалин багатай учир шударга бус шийдвэр гаргадаг гэдэг ч юмуу, нийгэмд шүүхийг шүүмжлэлтэй байр суурьнаас ханддаг өнцөг нэмэгдсэн. Гэвч шүүгч нар өөрсдийн хувийн хариуцлагагүй, хууль тогтоомжийг буруу хэрэглэдэг байдлаасаа болоод хэргийг санаатайгаар буруу шийдвэрлэдэг гэдгээ огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр үүнийг таслан зогсоохгүйгээр Монгол Улсын хөгжлийг, үндэсний эв нэгдлийг ярих боломжгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулинд ч байдаг. Монголчууд шударгаар амьдарна, Монгол Улсын төр шударга байж, хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй, хүний эрхээ чөлөөтэй эдэлнэ, үндэсний эв нэгдлийг хангана гэж төрийн үйл ажиллагаанд үндсэн зарчмуудыг тусгасан байдаг. Харамсалтай нь бодит амьдрал дээр Монгол Улсын төр мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай хүнд үйлчилж байгаа болохоор үндэсний эв нэгдэл бэхжихгүй, ард түмэн эсрэгээрээ хоорондоо талцаж, хуваагдаж нэг нэгэндээ өсөрхөх чиг хандлага үүсээд байна. Өнөөдрийн нийгэмд ямарч шударга хүн шударага бус байхаас өөр аргагүй байдлыг үүсгэсэн.

-       Саяхан гарсан судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн гэж гарсан байсан. Гэтэл таны ярьж байгаа чинь эсрэгээрээ байна . Энэ тухайд?

-       Энэ бол худлаа судалгаа байна. Монголд байгаа бүх зүйл худал хуурмаг болж. Тухайлбал, татвар, эдийн засгийн тухай баримтууд худлаа. Төрийнхөн дандаа худлаа ярьдаг нь сонгуулийн жишээнээс л харагдаж байна. Гэмт хэргийн тоо улам нэмэгдэж байна. Хүмүүсийн бие биедээ хандах хандлага улам харгис болж байна. Өдөр тутамд ямар хэргүүд гарч байгааг бид мэднэ. Гэтэл тоогоор ард түмнийг хуурсан худлаа мэдээлэл цацаж байна. Ер нь тогтолцоо нь буруу байгаа юм. Өнөөдөр шүүгч болох гэж хүмүүс яагаад оочерлож, дугаарлаад байна. Энэ бол цалиндаа биш авилгал хээл хахуульд нь болж байгаа. Өнөөдөр авилгал хээл хахууль улам далд хэлбэртэй, улам их хэмжээтэй болсон. 34 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна гэсэн мэдээлэл бий. Энэ мөнгө чинь л албан тушаалтнуудын Монголоос гаргасан мөнгө. Бид бодит үнэнтэй шууд нүүр тулж ярих хэрэгтэй байна. Түүнээс биш эдийн засаг гэж тойруу замаар ярих хэрэггүй. Манай “Иргэдийн шударга шүүх” ТББ-ийн 10 жил хийсэн судалгаа, өнөөдрийн “Шүүхийн Ерөнхий Зөвлөл”-өөс гаргаж байгаа судалгаа тэмээ, ямаа шиг өөр. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрх бүхий этгээдүүд надтай ирж мэтгэлц, олон буруу гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа тал дээр өөрсдийгөө хамгаал гэж хэлэх байна. Хамгаалж чадахгүй бол зайлцгаа гэж хэлье.

-       Шүүхийг доройтуулж, нийгмийг ёс зүйгүй болгосон этгээдүүд хариуцлага хүлээх нь мэдээжийн хэрэг. Гэвч нийгмийн нэг хэсэг нь дэндүү баян, нөгөө хэсэг нь ядууралд өртсөн. Тиймээс яаж хариуцлага тооцох вэ?

-       Ялзарсан, ёс зүйгүй, хууль зөрчдөг төрийн албан хаагч, хуульч нараас болж нийгэмд шударга ёс алдагдлаа. Шударга зүйл гэж байхаа больсон. Тендр, өмч хувьчлал, зээл авах, хүүхдээ цэцэрлэгт өгөх хүртэл шударга бус байна. Энэ шударга бус байдлыг өөгшүүлээд байгаа Монгол Улсын төрийн эрх барьж, алба хашиж байгаа этгээдүүд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр Монгол Улсын нийгэм, засгийн байдал хямраад, ард иргэд хоосроод байгаа шалтгаан нь ерөөсөө л төр үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаатай холбоотой. Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлд тодорхой заасан байдаг. Монгол Улсын төр иргэнийхээ нийгэм эдийн засгийн, хууль эрх зүйн баталгааг бүрдүүлэх, хүний зөрчих явдалтай тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадахгүй төр нь хуйвалдаад, цөөхөн хэдэн хүн төрийн эрх мэдлээр дамжиж хагартлаа баяжаад байна. Ихэнхи нь хог түүж амьдрах дээрээ тулсан. Тийм учраас энэ нийгмийг зохион байгуулж, иргэнийхээ нийгэм эдийн засгийг бүрдүүлж чадахгүй байгаа төр өнөөдөр хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын өнөөдрийн ялзарсан нийгэм эдийн засгийг бий болгосон этгээдүүдэд хариуцлага тооцно.

-       Та шүүхийн шинэтгэлийг хэрхэн харж байна вэ?

-       Шүүхийн шийдвэрийг хөдлөнгөөс хянадаг байгууллагатай болоё. Шүүхийн шийдвэрт ард түмний оролцоог бий болгож, сонгодог шүүхийг бий болгох хэрэгтэй. Шинэтгэл гэхээр шүүхийн хяналтын системийг л оновчтой болгох ёстой. Дэлхийд ард түмэн, төрийн төлөөлөл хамтарч шийдвэр гаргадаг шүүхийн сонгодог систем бий. Харин Монгол Улсад төрийн төлөөлөл дангаараа шийдвэр гаргаж байна. Ийм учраас бид өмнө нь байсан ардын төлөөлөгчтэй хамтраад шийдвэр гаргадаг системийг сэргээх хэрэгтэй. Эсвэл тангарагтны шүүхийн төгс хувилбарыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү хоёр тогтолцооны аль нь ч манай улсад хөгжөөгүй болохоор өнөөдөр дэлхийд байхгүй хамгийн гажиг тогтолцоотой шүүхтэй улс болоод байна. Тийм учраас Монгол Улсын шүүхээс өнөөдөр чанаргүй шийдвэр гарч, хэргийг шийдвэрлэж чадахгүй байна.

-       Саяхан шүүгч нар цалин нэмэхгүй бол бараг л авилга авна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Энэ нь зөв зүйл үү?

-       Шүүхийн ерөнхий зөвлөл, Эмэгтэй шүүгч нарын холбооноос “Шүүгч нарын цалинг бууруулвал, шүүгч нар авилгалд идэгдэнэ” гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ бол шүүгч хүний толгойд байж болохгүй бодол.Миний цалин багасвал би шударга бус шийдвэр гаргана гэсэн утгатай үг хэлнэ гэдэг чинь үнэхээр аюултай. Тэгвэл эмч нар хэлж болох нь байна. “Цалингаа нэмэхгүй бол би хүн ална шүү, цалиндаа тохируулж хүн эмчилнэ” гэж хэлж болно. Багш нар хүртэл цалиндаа тохируулж хүүхдэд хичээл заана гэж хэлж болох юм. Бүх л зүйлийг цалиндаа тохируулж хийх болно гэж хүмүүс хэлж болно. Гэтэл өнөөдөр шүүгч нараас бусад нь ингэж хэлээгүй л байна. Цалинд тохируулж ажил хийнэ гэвэл сэтгэл зүрх гэдэг зүйл байхгүй болох юм. Цалин бага ч гэсэн сэтгэлээрээ шударга бус тогтоол гаргалгүй, нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

-       Хэрхэн шударга нийгмийг цогцлоох вэ?

-        Мэдээжийн хэрэг хүнийг сайхан амьдруулахын тулд хамгийн эхэнд хүнийг шударгаар үнэлдэг байх хэрэгтэй. Үнэт зүйл нь хүн байх ёстой. Тийм учраас би нийгмийн хөгжлийг тодорхойлж судлахдаа улс төр, төр, хууль гэсэн гурван агуулгаар биш хүн, төр, хууль гэсэн гурван ухагдахууны хүрээнд судалж, яаж хүнээ гэсэн төртэй, хүнээ дээдэлсэн хуультай нийгмийг байгуулах вэ гэдгийг судалдаг. Бид шийдлийг нь олсон. Шударга хүн шударга бусын төлөө тэмцэж илчилж чаддаг байх хэрэгтэй байна. Шударга л байхаас аргагүй нийгмийг цогцлоох хэрэгтэй байна. Тухайлбал, хараа хяналт сайтай дэлгүүрт ямарч хулгайч ороод хулгай хийж чадхгүйтэй адил, Монгол Улсын төрд ажиллаж байгаа хүн шударга, хуулиа дээдэлдэг, ёс зүйтэй хүн байхыг шаардаж байна.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(150.129.141.38) 2025 оны 03 сарын 13

Nen zov sedev hondoj ajild ni amjilt

1  |  0
Зочин (202.9.42.252) 2025 оны 03 сарын 13

Зөв зүйл хөндсөн бна. Монгол улс маань зөв замаар яваасай билээ. Бүх шатанд хариуцлага алга да

1  |  0
Оппаа(122.201.22.66) 2025 оны 03 сарын 13

Гондон

1  |  0
irgen(150.129.141.2) 2025 оны 03 сарын 13

uhsen nohoin otsgor, zugeer muruuruu ajlaa hii,bitgii uls turjuud bai. ter zaisandaa nohoi ni turdug l yum baigaa biz, chi teruund nervteed suuh hereggui ulaan chuluutad belgevch taraaj uguhgui yu tiim l yum bol.

1  |  0
ааа(202.9.41.237) 2025 оны 03 сарын 13

өнөөдрийн нийгэм нээрээ арай л байна аа

1  |  0
өвгөн(202.9.41.237) 2025 оны 03 сарын 13

үнэн юм ярьсан хүнд үхэр өшөөтэй

1  |  0
овгон(95.85.68.47) 2025 оны 03 сарын 13

Батялалт Маш зов хэлсэн уунийгээ биелуулхийн толоо тэмц ард тумэн дэмжих болно.

1  |  0
Zochin(103.57.93.201) 2025 оны 03 сарын 13

Ene songuuliin uer bulai bolood baisan butehgui nukhur bna.bas uur yum yariad garaad irjdee.

1  |  0
үнэн(202.21.111.43) 2025 оны 03 сарын 13

маш зөв зүйл хөнджээ Монголын хууль хяналтын байгууллагууд цагдаагаасаа эхлээд прокурор шүүгчид бүгд авилга хээл хахуульд идэгдэж дампуурсан Хуульчдыг бэлтгэхээс эхлээд бүгдийг нь100 хувь шинэчлэх шаардлагатай Цалин нэмэгдснээр шудрага ажиллана гэж байхгүй тогтолцоог нь бүрэн шинэчлэх одоо байгаа мөрдөн байцаагч прокурор шүүгчдийн хүний хөгжлийн үзүүлэлтээр нь сонгон шалгаруулж орон тоог нь цомхотгож хөндлөнгийн хяналтын системтэй болгох хэрэгтэй энэ дор нэг авилгач этгээд сэтгэгдэлшүү юм бичиж иймэрхүү нөхдүүд одоогийн хууль хяналтын байгууллагуудаар дүүрэн болоод байна

1  |  0
Зочин(202.179.31.75) 2025 оны 03 сарын 13

Бат-Ялалт гэдэг нэг зартай биеэ үнэлэгч байдаг гэсэн энэ юм уу

1  |  0
Top