Охидод “ҮР ХӨНДӨХ” бус “БОЛОВСРОХ” боломжийг нь олгоё

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 01

НҮБ-ын Хүн амын сан Дэлхийн хүн амын байдал-2016 тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус тайлангаар охидын хөгжил болон тэд ямар замаар насанд хүрч, ажиллаж, боловсорч байгаа тухай олон нийтэд хүргэсэн юм.

Монгол улсад:

  • 10 настай- 25000,
  • 10-19 настай- 225,787 охин байна.

Охидын дийлэнх буюу 95 орчим хувь нь сургуульд хамрагддаг боловч, тэд өсч, хөгжихдөө тодорхой саад бэрхшээлүүдтэй тулгарсаар байгаа юм. Монгол улс ойрын жилүүдэд охидын боловсрол, хөгжлийн ололтод онцгой анхаарсан. Гэвч өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 настай 1000 охид тутамд төрөлт 40,4 хувьтай байна.

Үүнээс 14,1 хувь нь хүсээгүй жирэмслэлтийн улмаас үр хөндүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

Тэгэхээр жилд насанд хүрээгүй 400 гаруй охид ээж болдог гэсэн үг. Үүнээс улбаалаад хичээл, сургуулиасаа завсардах, боловсрол олж авч чадахгүйд хүрэх, ганц бие ээж болох, хүүхэд өнчрөх зэрэг ноцтой асуудлууд үүсч буй юм. Хэдийгээр охидын боловсролд төрөөс анхаарч байгаа ч эрт гэр бүл зохиох, бэлгийн амьдралд орох зэргээр бие, сэтгэлээрээ хохирсоор байгаа нь харамсалтай. Мөн эдгээр охидын дийлэнх нь амжиргааны түвшин тааруу, ядуу буурай  айлын хүүхдүүд байгай тухай тус тайланд дурдсан байна.

Охидын боловсролд зүй зохистойгоор анхаарч, хөгжүүлж чадвал Монголд нэг охин 2015-2030 онд 18,470 ам.долларын орлого олох боломжтой.

Дэлхийн улс орнуудын удирдагчид 2015 онд хөгжлийн шинэ зорилтуудыг баталж, цаашид 15 жилийн турш нийгэм, эдийн засгаа хөгжүүлж, уг зорилтуудад хүрэхээр төлөвлөж байна. Ингэхдээ тэд хэнийг ч ардаа орхилгүй, тэгш хөгжихийг зорьж байгаа юм. 10 настай охидыг хөгжлөөс орхигдуулж буй саад тотгорыг өнөөдөр арилгаснаар цаашид уг хөгжлийн зорилтуудад амжилттай хүрэх боломж нэмэгдэнэ гэж уг тайланд онцолжээ.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаар улс орныг хамарсан цогц судалгаа хараахан хийгдээгүй байгаа ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 88.3 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 40 хувь нь 15-34 насны бүсгүйчүүд байна.

Өөрөөр хэлбэл, ид боловсорч, хөгжих, ажиллах насан дээрээ яваа нийт бүсгүйчүүдийн 40 хувь нь хүчирхийлэлд өртөж, ямар нэгэн байдлаар хохирдог гэсэн үг. Цаашид энэ тоо өсөх магадлалтай. Тэгэхээр нийт охидын боловсрол, орчинд төрөөс онцгой анхаарах шаардлагатай байгаа нь үүнээс харагдаж байна.

Дэлхийн хүн амын байдал тайланд дурдсанаар өнөөдөр дэлхий дахинаа 10 настай 125 сая охин амьдарч байгаа бөгөөд тэдний 60 сая нь өсвөр насандаа тодорхой бэрхшээлүүдийг туулж байна.

Тэр дундаа бэлгийн мөлжлөг, хүний наймаа, боолчлол зэрэгт охид илүү их өртдөг нь судалгаагаар тогтоодсон. 2030 онд дэлхий ертөнц маань ямар дүр төрхтэй байх нь бид бүгд өнөөдөр 10 настай охидыг хэрхэн дэмжиж, хөрөнгө оруулахаас шалтгаална гэж Др.Осотимехин хэлжээ.

Гэвч өдөр бүр 47,700 охин 18 наснаасаа өмнө гэр бүл зохиох магадлалтай байдаг аж.

Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хангагдаагүй хэрэгцээ 15-19 насны охидын дунд 36.4 хувь байж, тэд гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүй байна. Дэлхийн улсуудын шат шатны өндөр, дээд албан тушаалд эмэгтэй хүн цөөхөн байдаг нь тэд өдөр тутамдаа ямар нэгэн хүчирхийлэл, саад бэрхшээлтэй учирч байдгийн тод жишээ. Долоон тэрбум гаруй хүний эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа бараг л тэгш байдаг тухай дэлхийн хэвлэлүүд онцолдог.

Тэгвэл яагаад эрх нь тэгш бус байна вэ?

  • Нэгдүгээрт, тухайн улсын шийдвэр гаргах, нөлөө үзүүлэх төрийн албанд эмэгтэй хүнийг тохоон томилдоггүй,
  • Хоёрдугаарт, охидыг насанд хүрээгүй байхад нь гэрлүүлдэг явдал одоо ч дэлхийн улсуудад байсаар байна,
  • Гуравдугаарт, эрчүүд улс төр, бизнес, нийгмийн салбарт эзлэх байр суурь өндөр учраас тэрхүү хүрээлэлдээ эмэгтэйчүүдийг оролцуулах дургүй,
  • Дөрөвдүгээрт, эмэгтэйчүүд голчлон эмч, багш зэрэг үйлчилгээний салбарт ажилладагаас дуу хоолойгоо хүргэх боломж нь хомс,
  • Тавдугаарт, зарим орнуудад охид, эмэгтэйчүүдийн биеийг худалдаж мөнгө олох нь гол бизнес нь болж хөгжсөн зэрэг зүйлс багтдаг ажээ.

Энэ мэт зүйлүүд нөлөөлдөг учир охид, эмэгтэйчүүд нийгэмд эрхээ хязгаарлуулж, хохирогч болж байгаа нь нууц биш юм. Цаашид дэлхийн удирдагч нар охидын боловсрол, нийгэмд эзлэх байр суурь, нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Манай улс ч цаашдаа охидын боловсрол, өсч буй орчинд нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй юм.

Б.Энх-Уянга

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
777(66.181.185.162) 2025 оны 03 сарын 13

Энэ бол аюул улам нүүрлэж байгаагийн илрэл. Үндэсний дархлаа алдагдаж эхлэсний шинж. Охид хөвгүүдэд бахархан дуурайх юу байгаа билээ ?!! Монголчууд бид хэтэрхий зугаацаж байгаагаа мэдрэхээ ч больчихсон байна. Үйлдлийн үр дагавар нь хойч үе маань зөвхөн өнөө маргаашаа л зугаатай цэнгэлтэй өнгөрөөх хүсэл сонирхолтой болоод байна

1  |  0
Top