Мэс заслын тааз нурснаас болж ӨВЧТӨНҮҮД хохирсоор байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 12

Энэ сарын 5-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз нурсан асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийсэн билээ.

Энэ талаар  тус өрөөнд хагалгаа хийж байсан эмч хэлэхдээ "өвчтөнд хагалгаа хийж байх үеэр агааржуулалтын хоолой хөдөлж улмаар далдалсан байсан гурван хаалт эвдэрч тааз хөдөлж аюултай байдал үүссэн тул өвчтөнөө өөр өрөөнд шилжүүлж хагалгаа хийсэн. Аюултай байсан тул дараа дараагийн хагалгааг ч  өөр өрөөнд хийсэн.  Учир нь хагалгааны үер тааз шууд унаж, хагалгааны өрөөнд байсан 8-9 хүн таазанд даруулж амиа алдах эрсдэлтэй байлаа” гэв.

Нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн  барилга 2013 онд ашиглалтад орж  барилгын гүйцэтгэгчээр “Цаст констракшн” ХХК ажиллажээ.

Эл асуудлын дагуу Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас яаралтай шалгалт хийсэн бөгөөд МХЕГ-аас дүгнэлтийг энэ долоо хоногт багтаан гаргахаар ажиллаж байгаа аж.  

Иймээс "Өргөө" амаржих газрынхан зарим хагалгаагаа хойшлуулсаар байгаа бөгөөд яаралтай хагалгааг  ЭХЭМҮТ-рүү шилжүүлж байгаа юм.

Долоо хоногт 30 гаруй яаралтай хагалгаа хийдэг тус тасагт үүсээд буй эл асуудалд холбогдох байгууллагынхан даруй анхаарлаа хандуулахгүй бол зарим өвчтнүүд хагалгаагаа хийлгэж чадахгүйд хүрээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top