Оюутнууд сургалтын зээл, тэтгэлэгт хамрагдах ямар боломжууд байна вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 10

Улсын хэмжээнд 164 мянган оюутан Төрийн болон Төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагаас 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байгааг БСШУСЯ мэдээллээ. Монголын оюутнуудын хувьд дотооддоо сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээлд хамрагдах боломжууд тодорхой хэмжээнд бий. Тодруулбал, Сургалтын Төрийн 

сан оюутнуудад зээл болон буцалтгүй тусламж олгодог. 2016 оны эхний зургаан сард нийт 1839 оюутан 567 сая төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ жилд нэг оюутанд 350-650 мянган төгрөгийн зээл олгодог бол шинэ журмаар хоёр сая төгрөг хүртэл болгохоор хэлэлцэж байгаа аж. Энэ хичээлийн жилд нийт 23 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгох урьдчилсан тооцоо гарсныг Сургалтын Төрийн сангаас мэдээлсэн юм. Харин Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх хөтөлбөр өнгөрсөн оноос зогссон. Гэхдээ Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн 5, 6 дугаар курсийн оюутанд олгосон хэвээр байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жилд 30 хүртэл оюутан сард 100 мянган төгрөг мөн жилд 50 суралцагч сард 80 мянган төгрөгийн Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг авч байна. Улсын их, дээд сургуулиуд мөн оюутандаа тодорхой хэмжээний хөнгөлөлт, сургалтын тэтгэлэг олгодог. Тухайлбал, ЭМШУИС захирлын нэрэмжит тэтгэлгийг жилд хоёр удаа 100 оюутанд олгодог байна. Ингэхдээ нэг оюутанд 500 мянгаас нэг сая төгрөг хүртэл дүнтэй байдаг гэж тус сургуулиас мэдээллээ. Мөн ректорын нэрэмжит болон бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг олгож байна.

Үүнээс гадна оюутнуудын дунд эрэлттэй байдаг хувийн байгууллагуудын хэд, хэдэн тэтгэлэг бий. Тухайлбал, “Зориг сан” 2000 оноос хойш 2200 гаруй оюутанд тэтгэлэг олгосон бол хамгийн сүүлийн байдлаар энэ онд 97 оюутныг тэтгэлэгт хамруулснаа мэдээллээ. Мөн “Хаан" банк есөн жилийн өмнөөс эхэлж 1200 гаруй оюутныг тэтгэлэгтээ хамруулжээ. Тус банкны хувьд их, дээд сургуулийн нэгдүгээр курст элсэж буй оюутны төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгодог. “Голомт” банк жил бүр 100 оюутанд 15 дахь жилдээ тэтгэлэг олгож байна. Харин "SouthGobi Sands" компани 2009 оноос хойш Өмнөговь аймгийн нийт 110 оюутанд 164.4 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Мөн "Monnis", "MCS" групп оюутны сургалтын тэтгэлэг олгож байгаа юм. Олон улсын түвшинд авч үзвэл, Европын Холбооны хэмжээнд жилд 12 мянга гаруй тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл болон бусад санхүүжилт олгоход 27 тэрбум еврог зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал "Harvard"-д суралцдаг оюутнуудын 50 хувь нь сургалтын төлбөрийн тусламж авдаг бол 20 хувь нь 100 хувийн тэтгэлгээр сурдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top