Крымд зарагдаж буй “Монгол”-ын бугын махны эргэн тойронд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

ОХУ-ын эргүүлж авсан газар нутаг Крымийн хойгт Монголын гэх тодотголтой нэгэн бүтээгдэхүүн хэрэглэгчдийг хошууруулж байгаа тухай мэдээлэл цахим ертөнцөөр явж байна. Энэ мэдээлэл эхэлж Крымийн долоо хоног тутмын  “Аргументы недели Крым” сонинд  нийтлэгджээ. Үүнээс цааш дамжин ОХУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Центр” гэхчилэн  цахим сайтуудад тавигджээ. Энэ мэдээнүүдийг тоймлон  орчуулж бас бус бага сага тайлбар зүүлт дагалдуулав.

Крым бугын маханд  зугуухан идээшиж байна

Ажил хэрэгч бизнесүүд Монголд нядалсан мал, амьтны махыг Крымд нийлүүлж эхэллээБугын боловсруулж лаазалсан мах, нухаш дэлгүүрийн лангуун дээр элбэг үзэгдэх болов. Бизнесүүдийн хэлж байгаагаар борлуулалт маш сайн байгаа бөгөөд одоо нэг дор бүр 10 лаазыг бөөнөөр нь худалдан авах болсон гэнэ.

Крымд бугын мах нийлүүлж буй ОХУ-ын Симферополь хотын  компанийн төлөөлөгч Владимир Филиппович “Крым медиа” агентлагт ярилцлага өгөхдөө “Бид арван нэгдүгээр сарын эхээр бугын  мах зарж эхэлсэн. Эхлээд хүмүүс нэг их авахгүй гайхаж л байлаа. Харин одоо бол нэг дор 5-10 лаазыг авдаг болсон. Крымд бугын мах жинхэнэ гүйж байна даа. Манай компани бугын махаа Монголоос аваад Буриадад боловсруулдаг”  гэж ярьсан байна.

Буриадын Улан-Үдэ хотод боловсруулж савласан Монголын бугын мах 338 граммын савлагаатай, төрлөөсөө хамаарч энд 115-137 рублиэр зарагдаж байна.

Бугын махыг байнга хэрэглэгчид бол чукча нар гэдэг нь тодорхой. Гэхдээ тэдний хувьд хүнсний өргөн сонголт бий. Эрэг хавийн чукча нар далай тэнгисийн амьтны махыг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг. Чукчанууд  эрч хүчээ хадгалахын тулд бугын мах, цус болон гурилаар нэгэн зүйлийн өтгөн зутан хийж хэрэглэдэг  бөгөөд  энэ хоолоо тэд  маш тэжээллэг сайн хэмээн тооцдог. Түүнчлэн бугын тархийг гэр бүл болсон залуучууд хуримынхаа шөнө иддэг аж. Энэ нь бэлгийн үйл ажиллагааг дэмжиж, эрэгтэй эмэгтэй хүний чалхийг он удаан жил хадгалахад нөлөөлдөг гэнэ.

Малынхаа махыг хил давуулж чадахгүй байгаа монголчууд байхгүй шахам болсон бугынхаа махыг экспортлоно гэдэг угаасаа боломжгүй зүйл

ОХУ-ын сайтуудад ийн мэдээлж байна. Энэ мэдээнд хэдийгээр  ямар бугынх гэдгийг тодотгосонгүй.  Бугын мах гэж байгаа ч чукча нар түлхүү хэрэглэдэг гэж дурдсаныг бодоход цаа бугын /северный олень/ мах байх магадлал илүү болж байна. Гэвч Монголоос ОХУ-д нийлүүлэх цаа бугын мах гэж юу билээ. Монгол чинь уртаашаа 2000 хүрэхтэй үгүйтэй цаа бугатай улс.  Харин халиун бугаа үндсэндээ дуусгасан. Малынхаа махыг хил давуулж чадахгүй байгаа монголчууд байхгүй шахам болсон бугынхаа махыг экспортлоно гэдэг угаасаа боломжгүй зүйл.

Тэгэхээр мах нийлүүлэгч компанийн төлөөлөгч Владимир Филиппович андуурсан болж таарах гээд байна.  Магадгүй энэ нь ОХУ-ын Тувагаас нийлүүлж буй цаа бугын мах байж мэдэх юм. Тува манайхыг бодвол цаа буга олонтой, бас  мал эмнэлгийн хяналт энэ тэр талаараа муугүй гэх юм билээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol brand ner!(158.181.198.162) 2025 оны 03 сарын 13

Mongol max geheer guilgee sain baina gedeg saihan medee bn! Uuniig ene Oros ovjin mederch ashiglasan bn. Manai Mongoliin ner hund osch bgaagiin ilrel dee, humuus ee! Gehdee zovhon Krym-d bish Oros dayaar, Hyatad dayaar ner hundee osgoe!

1  |  0
Top