Одоогийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 41, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 33, ТС-1 27 хоногийн нөөцтэй.
Манай улсын хэмжээнд цаашид шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар ОХУ-тай шинэ түвшинд тохиролцоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл уг асуудлаар ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр байгалийн хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй санал солилцоод ирсэн.
Хамтын ажиллагааны протоколын дагуу ОХУ-ын Роснефть” компани манай улсын “Магнай Трейд”, “НИК”, “Шунхлай” группүүдэд газрын тосны бүтээгдэхүүнээ Сингапурийн биржийн өртгөөр таван жилийн хугацаанд нийлүүлэхээр болсон байна.
Ингэснээр манай улс сард шатахууны хэрэглээний үнэн дүнгээсээ сард 7-10 жилд 120 сая ам.доллар хэмнэх эдийн засгийн судалгаа гараад байгаа. Уг хамтын ажиллагааны протокол ирэх сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ. Мөн нэг сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг нэг тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )