Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан том оврын автобус энэ сарын 21-ны өглөө осолдож зургаан хүн амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Ослын дараа хохирогчын ар гэрийнхэнтэй бүгдэдтэй нь холбогдон нас барсан зургаан хүний хэн болохыг тогтоожээ.
Энэхүү ослын дараа холбогдох албаныхан хуралдаж, Зам тээврийн дэд сайдаар Х.Ержанаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон байна. Тус хэрэг дээр ажиллаж эхэлсэн юм. Ажлын хэсэг нэн түрүүнд хохирогчдын эрүүл мэндэд анхаарч, бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахаа мэдэгджээ.
“ГССҮТ-ийнхөн осолдсон иргэдэд шаардлагатай эм тариа, эмчилгээг үзүүлж байгаа аж. Энэ талаар эмнэлэгийн үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
- Том оврын автобусны ослын улмаас бэртэл авсан хэчнээн хүн “ГССҮТ”-д хэвтэн эмчлүүлж байна?
- Налайхын эмнэлгээс 39 хүн авч ирсэн. Сэхээнд нэг хүн, хавсарсан гэмтлийн тасагт, тархи нуруу нугасны тасаг мөн хүүхдийн тасагт нийт 29 хүн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнгүүдийн биеийн байдал нь ямар байна?
- Биеийн байдлыг харгалзан үзэж байгаад 7-8 хүн дүүргийн болон орон нутгийн хяналтанд гарна. Анхаарал татсан өвчтөн гэвэл гурван бие давхар эхчүүд байгаа, үзлэг хийгээд нэг эмэгтэйг нь Эх нялхасын үндэсний төвд шинжилгээ хийлгэх гэж байна. Мөн хоёр жирэмсэн эхийг хавсарсан эмчилгээнд оруулсан. Бага насны таван хүүхэд байсан. Зарим нь мэс засалд орно. Заримынх нь тархины яс цөмөрхий гэсэн оноштой. Хүүхдүүдэд энэ долоо хоногтоо багтаагаад төлөвлөгөөт мэс засал хийхээр ажиллаж байна.
-
- Онш нь хэзээ гарах вэ?
- Эхнээсээ эмчилгээний үр дүн нь гарч байгаа. Эцсийн онош нь 72 цагийн дараа клиникийн оншоор тавигдана.
-
- Нэг хүний ар гэрийнхэнтэй нь уулзаж, холбоо барьж чадахгүй байна гэсэн мэдээлэл тархсан. Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож чадсан болов уу?
- Тийм хүн ерөөсөө байхгүй. Харин Улаанбаатар хотод таньдаг, мэддэг хүн байхгүй, зам тээврийн яамнаас гарсан ажлын хэсгийнхэн орон нутагт байгаа хүмүүсийн өөрсдийн зардлаар авч ирсэн.
-
- Жолоочийн биеийн байдал ямар байгаа бэ?
- Харьцангуй тогтвортой. Эрүүгийн байцаах хуулийн дагуу хуулийн байгууллагуудаар шалгагдаж байгаа.
-
- “ГССҮТ”-д өдөрт хэдэн хүн ирдэг вэ. Ямар улиралд, юунаас болж илүү их хүн гэмтэж бэртэж байна?
- Зам тээвэрийн осол хамгийн их байдаг. Ихэвчлэн анхаарал болгоомжгүйгээс болж хохирсон байдаг. Баяр наадмын үеэр 300-350 хүн ирдэг. Манай улсад бол ганц л байдаг шүү дээ. Бүх салбар, байруудаа нийлүүлээд л нийт ор 450 ортой, энэ хаанаа ч хүрдэггүй хангалтгүй байдаг. Жил ирэх тусам хүний тоо нэмэгдсээр байгаа.
Орон нутгийн нийтийн тээвэрт иргэд сайн дураараа амь даатгалд хамрагддаг аж. Тухайн иргэдийг тээвэрлэж явсан “Дайчин Сүх” ХХК-ийн том оврын автобус даатгуулсан байжээ. Мөн тус автобусны жолооч жолоочийн хариуцлагын даатгалтай байсан юм. Одоогоор иргэдэд даатгалаас хэдэн төгрөг олгохыг эцэслэн шийдээгүй байна.
Тухайн үед автобусанд явсан зорчигчдоос Тэнгэр даатгалд 21 иргэн даатгуулсан байжээ. Тухайн даатгуулсан иргэн бүрт 3,5 сая төгрөг өгөхөөр болоод байгаа аж. Харин Ямар ч даатгал хийлгээгүй байсан үлдсэн хүмүүст 1 сая төгрөг олгох юм байна. Ослын улмаас нас барсан зургаан хүний 4 нь даатгалд хамрагдсан байжээ.
Энэхүү харамсалтай осолтой холбогдуулан холбогдох яамдууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Улмаар өчигдөр ажлын хэсгийнхэн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй хаалттай уулзалт хийлээ. Уг уулзалтаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.
Харин эмчилгээний зардалыг Аймгийн Засаг дарга, орон нутгийн удирдлагын хэмжээнд 60 сая төгрөгийн захиран зарцуулах эрх мэдэл байдаг юм байна. Оны хагас өнгөрчихсөн болохоор тус аймаг 30 гаруй сая төгрөгийг нь зарлагадчихсан учраас бүрэн мөнгө гаргах боломжгүй байгаа юм. Гэхдээ орон нутгийн удирдлагууд 40 сая төгрөг гаргах тухай мөн яригдаж байна. Мөн Засгийн газраас 60 хүртэлх сая төгрөг шийдвэрлэж өгөх тухай өчигдөрийн хуралдаан дээр шуурхай ярилцсан юм байна. Улсаас гаргаж байгаа мөнгийг эмчилгээ үйлчилгээ, бусад зардалд нь зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )