Автобусанд явсан 50 хүний зургаа нь нас барж 43 хүн эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 22

Өчигдөр автобус осолдож зургаан хүн нас барсан тухай манай сайт мэдээлсэн. Уг хот хооронд явдаг автобус уржигдар оройны 17.00 цагийн үед 50 хүнтэй Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу гарсан байна. Ингээд явсаар маргааш нь буюу өчигдөр өглөөний 07.30 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баян даваагийн адаг зам дээр буюу Цонжин болдогийн ойролцоо осолдсон. Уг автобусны жолооч хурдаа нэмж өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаад замын хажуу руу уначихжээ. Унаад дөрөв таван удаа бүтэн эргээд өнхөрчихсөн юм байна. Уг тээврийн хэрэгсэл нь орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Дайчин сүх” ХХК-ийн автобус байсан аж. Зорчигчдын 15 нь хүүхэд гурав нь  жирэмсэн эх  байжээ. Жирэмсэн эхчүүдийн хэвлийд байгаа хүүхдүүд анхны үзлэгээр  бол ямар нэгэн гадны нөлөө гэмтэл аваагүй байгаа аж. Харин гурван эмэгтэй гурван эрэгтэй амиа алдсан юм.

Ингээд Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэг эмэгтэй яаралтай хагалгаанд амжилттай орж, биеийн байдал гайгүй болсон. Харин ГССҮТ-д 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зургаан хүн яаралтай хагалгаанд ороод  байгаа юм.Мөн найман хүн нуруу нугасны, есөн хүн тархины, хоёр хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгааг ГССҮТ-ийн эмч нар хэлж байсан. Сүүлийн үед авто замын ослын тоо өслөө. Жолооч нар хүний амь нас тээж яваа гэдгээ ухамсарлан маш болгоомжтой явж байхыг дахин дахин анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яана даа(202.131.238.115) 2025 оны 03 сарын 13

хэлэх ч юм биш.харамсалтай. угаасаа хот хооронд явдаг жолооч нар бүгд адил даа бараг. мөнгө бодохоос өөр юм боддоггүй. суурь боловсрол чядаж байхгүй ,ухамсар гэж ёстой бүүр байхгүй дээ харин.зорчигчид

1  |  0
баясаа(182.160.43.15) 2025 оны 03 сарын 13

дэндүү харамсалтай, уул нь том оврын автобус жолооддог хүмүүсийг маш өндөр шалгуураар ажиллуулдаг байсан тогтолцоо саяхан хүртэл байсан даа. урьд нь чаддаг байсан зүйлээ мартаж байгаагийн гор нийтийн тээвэрт ч нүүрлэсэн_ байна шүү

1  |  0
Top