“Aspire mining” компани өөрийн мэдэл дэх Овоотын ордын үр шимийг үзэхээр Монголын хойд бүс дэх тус ордоос Эрдэнэтийн Транс-Монголын төмөр замтай холбогдох төмөр замыг байгуулах санхүүжилтээ босгох хэлэлцээрүүдийг хийж эхлэж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Стратегийн гэх тодотголтой Могойн голын ордын нэг хэсэг болох Овоот ордод эзэн суусан тэд эрх ашигтаа нийцүүлэн асуудлаа шийдэхийн тулд манай улстөрч эрхмүүдтэй сайн түншийн харилцааг бэхжүүлж ирсэн байдаг. Тэгвэл “Aspire mining”-тай холбоотой бас нэг мэдээлэл байна. Тус компани манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Xanadu Mines”-аас “Эх говийн чулуу” компанийн 50 хувийг авч, өөрийн 10 сая ширхэг хувьцаагаа зөрүүлэн шилжүүлэхээр болсон байна. Манай улсын хойд хэсэгт байрлах Нүүрстэй коксжих нүүрсний төслийн 60 хувийг эзэмшдэг “Эх говийн чулуу” компанийг гартаа оруулснаар “Aspire mining”-ын хувьд хойд бүсийн баялгийг зөөх төмөр замын төслийг урагшлуулах санаагаа ажил хэрэг болгох шаардлага бүр илүү тавигдаж таарна. Угаас Нүүрстэй төсөл нь Овоот төслийн үр өгөөжийг нь дээшлүүлэхэд дэмжлэг болно гэдгийг тус компанийн зүгээс мэдэгдсэн байгаа юм.
Эргэн сануулахад, “Aspire mining” компани стратегийн ордын нэгээхэн хэсгийг өөрийн болгосон үүх түүх нь адармаатай. Учир нь “Хургатай хайрхан” компани одоогоос 7 жилийн өмнө Могойн голын ордын 9350 га газрыг хэсэгчлэн авч, улмаар Ашигт малтмалын газрын нөхдүүдтэй сэм тохироо хийж байгаад “Овоот” гэх нэр өгөөд, эзэн суучихсан байдаг. Орон нутгийнхны зөвшөөрлийг авалгүй өөрийн болгосон “шинэ” ордоо удалгүй “Aspire mining” компанид худалджээ. Эхнээсээ хууль журам зөрчсөн ордыг гартаа оруулсан “Aspire mining” компани нүүрсийг нь үнэд хүргэхийн тулд төмөр замын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж буй тул улстөрчдөд нөлөөлөн шийдвэр гаргуулсан байж таарах гээд байдаг. Юу гэхээр УИХ-аас батлан гаргасан “Төрөөс төмөр замын талаарх баримтлах бодлого”-ын баримт бичигт огтоос тусгагдаагүй маршрутыг 2012 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол болгон батлачихсан байдаг. Тэр нь Овоот-Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 628 км төмөр зам тавих тухай юм. Стратегийн ордын ихээхэн нөөцтэй хэсгийг тасдан эзэмшчихээд үүц баялгийг нь урсгах төмөр зам байгуулах эрхээ бас нууц маягаар авч чадсан “Aspire mining” компанийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ “Овоот төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх нь Монголын хойд бүс дэх Овоотын ордоос Эрдэнэтийн Транс-Монголын төмөр замтай холбогдох төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалттай шууд холбоотой. Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдол бүхий энэхүү төмөр замын дэд бүтцийн барьж байгуулах ажлыг манай салбар компани гүйцэтгэнэ” гэж буй.Тэгвэл ил уурхай нь 253.1 сая тонн, далд уурхай нь 27.9 сая тонн нүүрсний нөөцтэй гэгдэж буй Овоотын эзэн “Aspire mining”-ийн зүгээс хэлж яриад байгаа шиг үнэхээр Монгол Улс тэрхүү өндөр ач холбогдлыг нь үзэж чадах эсэх нь эргэлзээтэй л юм. Сүүлийн мэдээллүүдийг нь харвал тус компани Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт нүүрс нийлүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулчихаад байгаа. Ерөнхийдөө бол аль ч засгийн үед тал алддаггүй найраа сайтай компани гэдэг нь тодорхой байдаг. Харин тэгж тал алдахгүй явж ирэхэд голлох нөлөөллийг үзүүлсэн нөхдүүд нь хэн бэ гээд харахаар компанийн тодорхой хувьцааг эзэмшигчдийн талаар өгүүлэх хэрэг гарна. Тухайлбал, “Aspire Mining” компанийн хувьцааны 18.52 хувийг УИХ-ын гишүүн асан Х.Бадамдамдингийн хүү Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал, АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүвшин болон “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ нарын нөхдүүд хувьцааг нь эзэмшдэг гэх мэдээлэл байдаг юм.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )