УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 эхэлж, эхлээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж, гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд батлан хэрэгжүүлжээ. Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамгаалах байр, зөвлөгөө өгөх утсаар үйлчлэх үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллуулжээ.
Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд илүү өртөх зэргээр ноцтой хэлбэрт шилжих болсон. Үүний гол шалтгааныг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзсэн байна.
Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 1 )
сүүлийн хорин жилд монголчуудын эсрэг хийсэн олон цуврал арга хэмжээний нэг хэсэг бол гэр бүлийг задлах явдал юм... 90-д оноос эхлэн монголчуудыг эр эмээр нь задлаж, хооронд нь талцуулж, жэндэрийн бодлого нэрээр зохиомлоор хүйсээр нь ялгаварлан нэгийн муулах/ер нь бол эрчүүдийг муулах/, нэгийг нь хөөргөдөх/ер нь бол эмэгтэйчүүдийг хөөргөдөх/ замаар хэвлэл мэдээллээр нийгмийг хүчтэй бөмбөгдөж, тасралтгүй олон жилийн турш тархи угаах үйл ажиллагааны үр дүнд эр нь эр биш, эм нь эм биш болохуйцаар нийгэмийн гүнд өөрчлөлт явагдаж, эрчүүд төдийгүй, ялангуяа эмэгтэйчүүдийн сэтгэхүйд хэт их өөрчлөлт гарж, эр эмийн уламжлалт харилцаанд сөргөөр нөлөөлсөн... үүний шууд үр дагавар нь гэр бүл салалт, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хүмүүжил, сэтгэхүйд гарсан өөрчлөлт, садарлах, завхайрах явдал эцэг эхчүүдийн дунд хавтгайрч, үүнээс улбаалан охидууд янхандах, хөвгүүд архидах, хар тамхинд орох, монголчуудын дунд харилцан бие биенээ хүндэтгэх, бие биендээ анхаарал тавих харилцаа устаж, амиа хичээсэн үзлийг хүч түрэн зохион байгуулалттайга ар дэлгэрүүлж байна... ийм л бодлогын шууд үр дүн болж, энэхүү хууль гарч байгаа бөгөөд мөн л гадны шууд оролцойтойгоор монголын нийгэм оршихуйн үндэс болсон гэр бүлийг задлах, аав, ээж, авгай нөхөр, ах эгч дүүсийг хооронд нь хагаралдуулж, гэр бүлийг задлахад чиглэсэн хууль болон гадны бодлого монголын нийгэмд орж ирж байна... өөрөөр хэлбэл, энэ хуулийг батлуулах нийгмийн хэрэгцээг жэндэр гэх мэтийн арга хэмжээ, төслүүдээр урьдчилан зохиомлоор зохион байгуулаад, дараа нь хуулийн батлан гаргуулж байна гэж ойлгож болно...