Агаарын бохирдлын талаарх цуврал нийтлэлээрээ энэ удаад АНУ-ын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Цэвэр агаар төслийн үйл ажиллагааны тухай товч танилцуулах гэж байна. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн нийлүүлж, том оврын халаалтын зуух шинэчилж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход ихээхэн хөрөнгө хүч, хүчин чармайлт гарган ажилласан төслийн хэрэгжилт энэ жил дуусч байгаа.
Цэвэр агаар төсөл анх 2010 оноос эхлэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд чухам ямар арга хэмжээ авах вэ, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх үү, утаа бага ялгаруулдаг зуух тараах нь зөв үү, ийм зуух тараавал ямар үнээр борлуулвал гэр хорооллын иргэд худалдан авах боломжтой вэ гэх зэргээр маш их судалгаа, төлөвлөлт хийсэн байна.
Цэвэр агаар төслийн үйл ажиллагаа дуусах дөхөж буй энэ үед тус сангийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Тамир ийн өгүүлсэн юм.
- Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн буюу төслийн зуухийн талаар:
Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг (ЭХХ) татаастай үнээр борлуулах ажлыг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн 72 хороонд хийсэн. Эдгээр хороонд 146 мянга гаруй өрх буюу гэр хорооллын айл өрхийн 60-70 хувь амьдарч байна. Манай сангийн үйл ажиллагаа ийм цар хүрээтэй ажилласан гэсэн үг юм. Уг зуухыг тухайн айл зөв хэрэглэсэн тохиолдолд утааны бохирдол 80 хүртэлх хувиар, түлшний зардал нь 30 хүртэлх хувиар буурах боломжтой гэдгийг бидний туршилт харуулсан.
![]() Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн тараасан бүс |
2012 оны 11-р сарын байдлаар нийт 124’750 ЭХХ бүтээгдэхүүн борлуулсан бөгөөд үүнээс сайжруулсан зуух 98 мянга, гэрийн иж бүрэн дулаалга 21 мянга, гонх 5 мянга, сууц 98 байна. Энэ нь Монгол улсад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн болон хийгдэж буй бусад олон төсөл, хөтөлбөрүүдтэй харьцуулахад Цэвэр агаар төсөл нь хамгийн олон өрхийг хамарч чадсан гэдгийг харуулж байгаа юм.
- Том оврын зуух шинэчилсэн талаар:
Агаар бохирдуулагчийн нэг эх үүсвэр нь гэр хороололд байрлаж буй нийтийн эзэмшлийн байгууламжийг халаадаг том оврын халаалтын зуух гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Эдгээр зуухны дийлэнхи нь хуучирч муудсан, түлш ихээр зарцуулдаг, утаа ялгаруулалт ихтэй. Тиймээс цэвэр агаар төслөөс агаар бохирдуулж буй 15 халаалтын зуухыг хэмжилт хийн сонгосны үндсэн дээр шинэчлээд байна. Шинэчлэн сольсон халаалтын зуухнууд нь өмнөх хуучин зуухнаас 90 хүртэлх хувиар бага утаа ялгаруулж байгаа нь туршилтаар нотлогдсон.
- Салхин эрчим хүчийг дэмжиж ажилласан талаар:
Салхит ууланд “Ньюком” групп томхон хэмжээний салхин цахилгаан станц байгуулж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ салхин станц өндөр технологийнх учраас энгийн дулааны цахилгаан станцтай харьцуулхад цахилгаан нийлүүлэх зардал, өртөг арай өндөр байдаг. Зардал ийм өндөр учраас иргэд одоогийн цахилгааны үнэтэй харьцуулхад арай их үнэ төлхөөр болж байгаа юм. Манай Цэвэр агаар төсөл иргэдэд ийм ачаа, дарамт үүрүүлэхгүйн тулд үнийн зөрүүг хангах зорилгоор татаас олгохоор болж байгаа.
Мөн Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компанийн Налайх дэд станцыг өргөтгөх, тус дэд станцыг Диспетчерийн үндэсний төвтэй холбох 22 км шилэн кабель татах ажлыг төслийн хүрээнд гүйцэтгэсэн.
Түүнчлэн Улаанбаатар хотын эрчим хүчний систем салхин эрчим хүчний эх үүсвэртэй тогтвортой уялдан ажиллах нөхцөлийг хангах зорилгоор диспетчерүүдийн ур чадварыг сайжруулах симулатор програм хангамж бүхий сургалтын танхимыг Диспетчерийн үндэсний төвд байгууллаа.
Ингэснээр Салхит уулын 50МВ-н салхин эрчим хүчний эх үүсвэртэй холбогдож ажиллах техникийн нөхцөл хангагдаж байгаа юм. Уг салхин цахилгаан станц ашиглалтад орсноор 90 мянга орчим айл өрхийг цэвэр эрчим хүчээр хангаж, жилд 1.6 сая тонн ус, 150 мянган тонн нүүрс хэмнэж, 180 мянган тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )