”Цэвэр агаар сан” 2014-2015 онд 20 тэрбум төгрөг “зарлагадана”

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

Монгол улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан” –гийн мэргэжилтэн Г.Баярсайхантай бид ярилцлаа. Тус сан одоогоор хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж байна. Сангийн 2014-2015 онд зарцуулах хөрөнгө 20 тэрбум төгрөг юм байна.

“Цэвэр агаарын сан”-гийн удирдлагуудтай холбоотой асуудлаас болж тус сангийн үйл ажиллагаа зогсонги байна гэсэн ойлголт нийгэмд байх шиг байна. Танай ажил тавлаг уу?

2013 оны 7 дугаар сард авилгатай тэмцэх газраас “Цэвэр агаарын сан”-гийн зарим ажилтнуудад албан тушаалаа урвуулан ашигласан, зүй бусаар төсвийн хөрөнгийг зарцуулсан гэсэн үндэслэлээр шалгасан. Саяхан анхан шатны шүүхээс ял төлөвлөж эдлүүлж байгаа. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэхдээ тус сангийн үйл ажиллагааны залгамж чанарыг алдагдуулаагүй байна. Үүнээс хойш “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо”-ны удирдлагууд ч өөрчлөгдсөн. Өмнө нь үйл ажиллагааны чиглэл нь ерөнхийлөгчийн хариуцах асуудлын хүрээнд байсан бол одоо засгийн газрын мэдэлд очиж “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо”-ны дарга,  ерөнхий сайд Н.Алтанхуяг болсон.

Бүтэцийн өөрчлөлт орсоноос хойш юу хийж байна вэ?

Энэ хугацаанд агаарын бохирдолыг бууруулах тал дээр бодлогын шинжтэй зүйл их хийж байна. 2014 – 2015 оны өвлийн улиралд утааг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах тухай яригдаж, иргэд, аж ахуйн нэгжээс ирэн санал санаачлагыг сонсожбайна. “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо”  бодлого боловсруулдаг. Манайх хөрөнгө зарцуулах, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг.

“Цэвэр агаарын сан” –д их хэмжээний мөнгө төвлөрдөг бололтой байсан. Хулан гэх эмэгтэйн идэж уусан нь ийм хардалтыг төрүүлж байгаа. Танай санд одоо мөнгө бий юу?

Энийг бас яг дүгнэж болохгүй л байх. Миний дүгнэлт өрөөсгөл болно. Хууль хяналтын байгууллага дүгнээд шийдээд явчихсан. Ямар ч байсан 2014 онд агаарын бохирдолыг бууруулах үйл ажиллагааны санхүүжилт хэвийн явагдана. 2014-2015 онд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа.

Сангийн төсөвийг хаанаас зохицуулдаг бэ?

Энэ сангийн төсөв агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс бүрдэнэ. Тээврийн хэрэгсэлүүд,  нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдээс тонн тутмаас нь 1000 төгрөг цэвэр агаарын санд орж ирдэг. Энэ дагуудаа л дээрх 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа.

Ингэхэд танай цэвэр агаарын сан хэдэн ажилтантай вэ ?

Анх байгуулагдахдаа 5 ажилтантай л байсан. Одоо ч таван ажилтантай байна.

Таван ажилтан дунджаар хичнээн төгрөгийн цалин авч байна?

650,000-750,000 төгрөгийн цалин л авдаг.

Цэвэр агаарын санд ажиллаж байгаа хүмүүс ямар мэргэжлийн хүмүүс байдаг вэ ?

Цэвэр агаарын сан бол санхүүгийн байгууллага учраас энэ мэргэжлийн хүмүүс л ажиллаж байна даа.

Цэвэр агаарын сан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй асуудал гарах уу?

Боловсон хүчин болон орон тооны асуудал их хүнд. Яагаад гэвэл хүн хүчний нөөцөөс шалтгаалан хяналт шалгалтаа тэр болгон бүрэн гүйцэт тавьж чаддаггүй. Иймээс орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Энэ асуудлыг засгийн газарт удаа дараа хэлсэн. Одоогоор энэ бүтэцээрээ явж бай гэсэн хариу ирүүлсэн.

Олон иргэд ингэвэл агаарын бохирдол буурна, тэгвэл буурна хэмээн ярьж байгаа сонсогддог. Санал, санаачлага гаргасан хүмүүс хаана хандвал зохилтой  вэ ?

Иргэдийн санал  санаачлагыг биечлэн уулзаж авч байгаа. Арга замаа боловсруулж дуусны дараа ерөнхий сайд илтгэл тавьж хэлэлцүүлэх байх. Бид 7 хоног бүрийн 2 өдөр Ерөнхий сайдын өрөөнд уулзаж иргэдээс ирүүлсэн саналыг сонсож байна. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах тухай саналтай хүмүүс эхлээд “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо”-нд хандах хэрэгтэй. Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэдийн багийн зөвлөл, эдийн засгийн зөвлөл, хуулийн зөвлөх ажиллаж байна. Харин “Цэвэр агаарын сан”-гаас энэ хүмүүсийн хөрөнгө оруулна гэж шийдсэн ажлуудад хөрөнгө мөнгийг зарцуулах ажил хийж байна.

“Цэвэр агаарын сан”, “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо” зун  цагт яг юу хийдэг юм бэ?

Бид 7 хоногт 2 удаа хуралдаад явж байгаа. Санал санаачлага, төсөв, төсөлөө тооцож судлаад байж байна.

“Цэвэр агаарын сан” байгуулагдсан цагаасаа хойш яг юу хийсэн бол?

2011 онд “Цэвэр агаарын сан” байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш нийслэлийн гэр хорооллын нийт өрхүүдийн ердийн зуухуудыг солих ажлыг үндсэндээ дуусгаж байна. Анх бид  мянганы сорилын сантай хамтарч ажиллаж байлаа. Дараа нь Дэлхийн банкны Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй хамтарч ажилласан.  Энэ 5.6 дугаар сар гэхэд үндсэндээ 700 мянган айлын зуухыг сольж дуусна. Цаашид хийх гэж байгаа том ажил бол сайжруулсан зууханд мөн сайжруулсан түлш нь хэрэгтэй. Тиймээс түлшний асуудлыг нилээн авч ярьж байгаа. Өөр ямар арга замууд байна гэдгийг судалж байгаа.

Ж.Батхишиг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top