Д.Жаргал: Сүүлийн гурван жилд үйлдвэрлэлийн ослоор 213 хүн нас барсан

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

МХЕГ өнөөдрөөс эхлэн сарын хугацаанд “Барилга байгуулламжийн чанар-хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аяныг эхлүүлсэн байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд нийт 1209 үйлдвэрлэлийн осол гарч, осолд 1280 хүн өртөснөөс 213 хүн нас барсан мөн 285 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон харамсалтай тоо гарсан байна. 2014 он гарсаар барилгын салбарт гарч байгаа удаа дараагийн  осол, аваарыг буруулах зорилгоор энэхүү сарын аяныг зарлаж байгаа аж. Энэ талаар МХЕГ-ын Дэд бүтэц хяналтын газрын дарга Д.Жаргалаас тодрууллаа.

-Сарын аяны хүрээнд барилгын хөдөлмөрийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллахаар төлөвлөөд байна вэ?

-2014 он гарсаар хөдөлмөрийн аюулгүй байдал мөн тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэж байгаа инженер техникийн ажилчид, захиалагч гээд бүх хүмүүстэй холбоотой хариуцлагыг өндөржүүлье. Мөн тавигдаж байгаа хяналтыг улам цогц болгох тал дээр анхаарч ажиллах юм бол хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдана гэж үзэж байгаа.

-Барилга дээр ажиллаж байгаа иргэдийн амь насыг хэрхэн хамгаалах вэ. Тухайн барилгын эзэд амь насаа алдвал харамсалгүй гэсэн гарын үсэг зуруулаад ажиллуулдаг гэж яриад байдаг. Гэтэл яг журам дээрээ юу гэж тусгасан байдаг вэ?

-Барилгын тухайн хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд тусгасан холбогдох дүрэмийг мөрдөж ажиллах юм бол осол аваар гарахгүй, буурах нөхцөл бүрдэж байгаа. Эрсдэлтэй ажил гүйцэтгэж байгаа ажилчид маань өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгааг заавал авах ёстой. Гол аваар осол аюулгүй ажиллагааг хангаж ажиллахгүйгээс болж байна. Ажилчдын ажиллаж байгаа орчин, багаж,тоног төхөөрөмж аюулгүй байх ёстой.

-Барилгын ажилчид аюулгүй ажиллагаас болж амь насаа алдаж байна. Мөн тухайн баригдаж буй барилгын хажуугаар явж байсан иргэд харамсалтайгаар амь насаа алдаад байгаа. Яг энэ асуудалд дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Барилга, зам гүүр барьж байгаа аж ахуй нэгжүүд эхлээд ажлын аюулгүй байрыг бэлдэх ёстой. Сарын аяны хүрээнд хяналт шалгалт хийнэ, сургалт явуулна, хамтарч ажиллаад хариуцлагын тогтолцоог өндөржүүлэхээр төлөвлөөд байна.

-Сүүлийн гурван жилд үйлдвэрлэлийн осолоос болж 213 нас барсан гэсэн тоо гарчээ. Голчлон аль салбарт илүү осол аваар гараад байна вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослоор  213 нас барсан. Эдийн засгийн салбараар авч үзвэл нийт ослын 17.4 хувийг уул уурхай, 17.2 хувийг барилга, 11.3 хувийг зам тээвэр болон бусад салбаруудад амь насаа алдсан гэсэн тоо гарсан.

-Он гарсаар 17 давхар буюу түүнээс дээш  барилгуудад хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн үү?

-Нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа 20 аж ахуй нэгжийн 51 барилга дээр шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд барилгын чанартай байдал хангагдаагүй, чанар муутай барилга дийлэнхи хувийг эзлэж байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил 60.7 хувь гарсан. Тийм учраас ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна.

 Б.Анхаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Davaa(122.201.17.86) 2025 оны 03 сарын 13

myndag bolovsroltoi soeltoi egch shuu.tanid amjilt

1  |  0
Top