Ц.Пүрэвдорж: Иргэний үнэмлэхээ цахимаар захиалж болно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Ачаалал өндөртэй, явах ажил ихтэйгээрээ иргэдийн бухимдлыг төрүүлж, ямагт шүүмжлүүлдэг УБЕГ төрийн үйлчилгээг цахимжуулжээ. Энэ талаар УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж ингэж ярьлаа.

-Төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болсоноор ямар үр дүн гарах вэ?

-Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх үүднээс бүртгэлийн үйлчилгээг ТҮЦ машинд  холболоо. Тэгэхээр монгол улсын нийт 21 аймгийн бизнес эрхлэгчид  лавлагаа мэдээллээ цахимаар авах боломж өнөөдрөөс бүрдэж байгаа юм. Мөн аж ахуй нэгжийг үүсгэн байгуулагч, төрийн бус байгууллагын захирлууд төрийн үйлчилгээний цахим машинд хурууны хээгээ уншуулаад бүртгэлийн мэдээллээ авах юм. Өмнө нь гурав хоног явж авдаг байсан үйлчилгээг гурван минутад авдаг боллоо. Мөн УБЕГ-ын иргэний бүртгэлийн үйлчилгээний олон лавлагаа мэдээллүүд төрийн үйлчилгээний цахим машинтай холбогдсон. Заавал зуун айл рууочиж, дугаар үүсгэж лавлагаагаа авдаг зүйл өөрчлөгдлөө. Тиймээс иргэдийн ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хожих зэрэг  олон давуу талтай.

-Иргэний цахим үнэмлэхээ хаясан тохиолдолд уг машинд бүртгүүлэх боломжтой юу?

-Хуулийн этгээдийн лавлагаа мэдээллийг ч түц машинаас авдаг болсон.  Иймээс УБЕГ-ын бүх лавлагаа мэдээллүүд төрийн үйлчилгээний цахим машинтай холбогдсон. Уг цахим үйлчилгээг нээхээр сүүлийн гурван жил баримтыг бэлдэж, цахимжуулж  ажиллаа. Мөн иргэний цахим үнэмлэхээ хаясан гээсэн иргэд дахин авах, захиалах шаардлагатай бол  цахимаар захиалах боломжыг бүрдүүлж өгнө. Уг ажлын бэлтгэл ажил гайгүй хангагдаад явж байна.

-Иргэний бүртгэлийн үйлчилгээг хорооноос авах боломж бүрдэж байгаа юу?

-Бүртгэлийн анхан шатны нэгж буюу хороодоос иргэний бүртгэлийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулахаар УБЕГ Нийслэлийн засаг даргатай хамтраад ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу ирэх сарын 15 гэхэд нийслэлийн 42 хорооноос улсын бүртгэлийн 16 үйлчилгээг хүргэнэ. Тэгэхээр  иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх, гэрлэлтийн болон төрсний бүртгэл хийлгэх, иргэний үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг хорооноос авч болох юм. Эхний ээлжинд 42 хоро гэж байгаа ч энэ ондоо багтаагаад 100 хувь хороогоор олгодог болно.

-Бүртгэлийн лавлагааг гэрт хүргэдэг үйлчилгээ нэвтэрсэн үү?

-УБЕГ-ын  олгодог бичиг баримтыг иргэний захиалгын дагуу гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Одоогоор баталгаат шуудангаар дамжуулан гадаад паспортыг хаягаар хүргэж байна. Цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг "Монгол шуудан"-ын үйлчилгээгээр  иргэний хүсэлтээр хаягаар нь хүргэдэг болгоно. Нийслэлийн иргэд 3500 төгрөгөөр тухайн бичиг баримтаа хүргүүлэх захиалгаа өгнө. Тэгэхээр бүх төрлийн бичиг баримт, гэрчилгээг "Монгол шуудан"-ын үйлчилгээгээр хүргүүлж болох юм.

Мөн  энэ онд эрх зүйн дорвитой шинэтгэл хийнэ. Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийн хууль тогтоомжуудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Бүртгэлийн үйлчилгээ цахим байх, бүртгэл хийлгэхэд иргэнээс шаарддаг бичиг баримтын тоог цөөлж үйлчилгээний шат дамжлага, цаг хугацааг багасгах, бүртгэлийн үйлчилгээнд төрийн бус байгууллагын оролцоог нэмэхэд эрх зүйн шинэчлэлийн гол зарчим чиглэсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд илүү амар хялбараар хүргэх ажлыг эрчимжүүлж ажиллана.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top