Идэвхтэй амьдрах есөн шалтгаан ба амралтын өдрөөр дасгал хийхийн ач тус

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 29

Өнөөдөр 2014 оны гуравдугаар сарын 24. Нарлаг тогтуухан амралтын өдөр. Шинэ он гарсаар хүн төрөлхтөн 89 дэх өдөртэйгөө золгож байна. Харин он дуусахад чилийсэн 277 өдөр үлджээ. Арвин ихийг хийж бүтээхэд хангалттай урт хугацаа биш үү.

 


Та амралтын эхний өдрийг ингэж л битгий өнгөрөөгөөрэй

 

Ихэнх хүн ажлын өдрүүдийн дутуу нойр, ядаргаагаа амралтын өдрүүдээр тайлах үүднээс өдрийн хагасыг орондоо өнгөрүүлдэг. Гэвч энэ нь алжаал тайлах бус харин ч нозооруулдаг аж. Өөрөөр хэлбэл амралтын өдрөөр ханатлаа унтсан ч дутуу нойр нөхөгдөж бүрэн амралт болдоггүй байна.

 


Пенсильванийн Анагаахын коллежийн мэргэжилтнүүд энэ чиглэлээр туршилт явуулжээ. Тэд оролцогчдыг дөрвөн шөнө найм, үргэлжлүүлээд зургаан өдөр зургаа, сүүлийн гурав хоног арван цагийн нойр авахуулжээ. Ингэхэд бямба, ням гаригт урт хугацаанд унтах нь оролцогчдыг хагас нойрмог байдлаас гаргаж байсан ч бие махбодийн хүч сэргээх, сэргэлэн цовоо байдлаа эргүүлэн олж авахад нэмэр болохгүй байжээ.

Мөн энэ амралт эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд эерэг нөлөөтэй нь анзаарагдсан байна. Гэвч амралтын өдрүүдийнхээ ихэнх цагийг нойронд зарцуулах нь ядаргаанаас бүрэн гаргана хэмээн найдах хэрэггүйг судлаачид анхааруулжээ. Ядрахгүй, бүтээмж өндөртэй байх шалгарсан арга нь ажил, амралтаа зөв зохицуулах юм.


Амралтын өдрөөр дасгал хийх 9 шалтгаан


Фитнесст байнга явж, дасгал хөдөлгөөнтэй байх нь таргалалтаас зугтах нэг гарц төдийгүй оюун ухаан, сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Байнгын дасгал нь гоолиг бие галбир, үзэмжтэй төрхөөс ч илүү чухал тухай “Huffington Post”-д нийтэлснийг хүргэе.


1. Эрүүл зүрх

Дасгал сургуулилалт хийх үед зүрхний цохилт хурдасч, цусан хангамж нэмэгддэг. Зүрх ч мөн нэг булчин учраас байнга дасгал хийснээр илүү хүчтэй, эрүүл болдог аж. Зүрх судасны өвчин дэлхийн аль ч улсад нас баралтын гол шалтгаан болсоор ирсэн. Тэгвэл фитнесст явж, алхаж, гүйх нь эрт нас барах магадлалыг ч бууруулдаг байна.

 



2. Ажлын бүтээмж

Биеийн дасгал хөдөлгөөнтэй зэрэгцэн ажлын бүтээмж өсдгийг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Хүн дасгал хийж, биеийн булчингууд ажиллах үед тархи амарч байдаг аж. Түүнчлэн хөдөлгөөнөөс ялгарах эндорфин хэмээх бодис эрч хүч өгдөг учраас ажлын бүтээмж ийн нэмэгддэг.

 



3. Бат бөх яс

Дасгал хөдөлгөөн хийснээр яс улам бэхэждэг.

 



4. Эрүүл арьс

Дасгал хийсний дараа арьс хэт хөлөрдгөөс болж эвгүй үнэр гарах, нүүрэнд батга гарахаас олон хүн болгоомжилдог. Тэгвэл ихэнх хүн дасгалын дараа шүршүүрт орж, нүүрээ тусгай цэвэрлэгчээр угаадаг учраас энэ эрсдэл гардаггүй төдийгүй эерэг нөлөөтэй байдаг аж.


5. Эрч хүч

Байнга дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс ширээний араас босдоггүй нэгэнтэй харьцуулахад илүү эрч хүчтэйгээс гадна мэдрэлийн ядаргаанд орох эрсдэл хамаагүй бага гэнэ.

 



6. Сайн нойр

Долоо хоногт 3-5 удаа спорт танхимд хичээллэж эсвэл гүйдэг хүмүүс бусадтай адил хугацаанд унтсан ч нойрны чанар нь илүү байдаг. Учир нь тогтмол хөдөлгөөнтэй хүн хэвийн, жигд амьсгалдгаас гадна дасгал хийж, бага зэрэг сульдсан бие бөх гэгч нойрсдог байна.

 



7. Дархлаа сайжирна

Дасгал хөдөлгөөн, бүжиг, спортоор хичээллэх нь дархлааг сайжруулж, ханиад тэргүүтэй өвчний элдэв нянг эсэргүүцэж чаддаг.



8. Сарын тэмдгийн хэвийн мөчлөг

Биеийн тамирын танхимд байнга хичээллэдэг эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах зовиур бараг байдаггүй.

 



9. Аз жаргалтай байдал

Үнэн хэрэгтээ дасгал хөдөлгөөн хийх, хол замд гүйх, хүнд төмөр өргөхөд хэн ч дуртай байдаггүй. Гэвч биеэ жаахан ч гэсэн зовоосны үр дүн нь үүнээс ч илүү байдаг тул хүмүүс ийн “хөдөлдөг” юм. Жин хэвийн хэмжээнд барьж, эрүүл чийрэг байхаас гадна дасгал хөдөлгөөн хийх үеэр тархинаас эндорфин буюу аз жаргалын даавар ялгардгийг судлаачид тогтоосон билээ. Өөрөөр хэлбэл байнга хөдөлгөөнтэй байдаг хүмүүс эрч хүч, урам зоригоор дүүрэн, аз жаргалтай байх магадлал бусдаас илүү юм.

 


Хамгийн амархан, бас үр дүнтэй зумба дасгал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top