Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ мартсан байна гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 26

Өнөөдөр Төрийн ордонд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улсад хүлээн авч хэрэгжүүлэх үндэсний  уулзалт болж байна. Уг уулзалтанд УИХ-ын дарга, НХХ-ын сайдС.Эрдэнэ болон гадаадын төлөөлгч нар оролцож байна. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар ирсэн байлаа. Энэ үеэр уулзалтад ирсэн зочдоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай бодлыг нь сонслоо.  

 

 З.Энхболд УИХ-ын дарга

 

Цаашид УИХ-аар хэлэлцэн батлагдаж буй хууль тогтоомжийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн гаргаж, гарсан хууль, тогтоомж амьдралд ойр, хэрэгжих боломжтой байх бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллана. Номхон далайн бүс нутгаас зарласан 3 дахь арван жилийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Эрхийг бодит болгоё" Инчеоны стратеги нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээнд дэвшил гаргах чухал баримт бичиг болсон.Инчеоны Стратегийн хоёрдугаар зорилгод Улс төрийн болон шийдвэр гаргах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоогдэмжихээр тусгасан нь тэдгээр иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь чухал хүчин зүйл болж, энэхүү 10 жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрийн болон шийдвэр гаргах бүх түвшинд илүү өргөн хүрээтэй оролцох боломжтой болжбайгаа. Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Инчеоны стратегийг дэмжиж, эдгээр зорилго, зорилтуудыг 2013-2022 онд хэрэгжүүлэх, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд бие даан амьдрах, тэгш оролцох оролцоог шинэ шатанд гаргахын төлөө ажиллах болно.

 

 

А.Акинина Ази номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн гүйцэтгэх захирал

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сэргээн засах гэдэг ажлыг нэвтрүүлээд ажиллаж байна. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхдээ хамт олныг хамруулан хөгжүүлэх хэрэгтэй. Хамруулан хөгжүүлэх нь сэргээн засахаас илүү өргөн хүрээтэй, ач холбогдолтой арга байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ахмад настанд нийгмийн бүх л бүлгүүдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх юм. Бусдаас тусгаарлаж, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг утгаар харьцаж болохгүй. Нийгмийн бүх л бүлгийн хүмүүстэй яг адилхан хүн гэдэг утгаар нь харьцах хэрэгтэй.

 

Д.Бадамханд: "Салхит шувуу" ТББ-ын тэргүүн

 

Уул уурхайг хөгжүүлнэ гэхээсээ илүү хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлээсэй гэж хүсч байна. Хүнийг хайрлах сайхан сэтгэл,соёлыг дэвшүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үргэлж хөдөлмөрлье гэсэн  далд хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тэд хариуцлагатай байхыг хүсдэг. Зүгээр л бусдаар угжуулаад байхыг хүсдэггүй. үүнийг нь ойлгож монгол улс хүний эрхийг дээдэлдэг улс болох хэрэгтэй.

 

Patrik Andersson: Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн бүсийн зөвлөлийн нийгмийн эв нэгдлийн асуудал хариуцсан зөвлөлийн дарга

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх 10 жилийн хугацаатай төсөл боловсруулан ажиллаж байна. Иргэний нийгмийн байгууллагуудтай үйл ажиллагааг нь уялдуулан, хамтран ажиллаж хэрэгжүүлэх юм. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ мартсан олон зүйл харагдлаа. Жишээлбэл зориулалтын замгүй байна. Мөн хамгийн наад захын асуудал гэхэд цахилгаан шат нь хэдэн давхарт ирсэн гэдгээ мэдэх дохиолол байдаггүй хараагүй хүн байлаа гэхэд ганцаараа цахилгаан шатаар зорчих боломжгүй юм байна. Давхаруудын товчлуур товгор биш гэх мэт.

 

Монголын "Аутизмийн холбоо" ТББ-ын тэргүүн н.Алтангэрэл

 

Монголд байгаа Аутизимтай хүүхэдтэй гэр бүлийн санаачилгаар 2014 оны 1-р сараас энэ хүү холбооог байгуулан үйл ажиллагаа явуулж эхэллээ. Энэ нь хүний харилцах чадварт нөлөөлдөг эмгэг. Генийн өрчлөлт болоод хүүхэд эхийн хэвлийд байхаасаа гадны хортой нөлөөнд автсанаас үүсдэг эмгэг байгаа юм.Аутизмийн шинж тэмдэг 6 сартайгаасаа эхлэн инээж баясаж, баяр хөөрөө илэрхийлэхгүй байх.Өөртэй нь харьцахад хариу илэрхийлэхгүй байх. 12 сартайдаа шулганахгүй, алга ташиж, баяртай гэх гүй байх 16 сартайдаа үг хэлэхгүй байх, 2 настайдаа хоёр үгээс бүтсэн үг хэрэглэхгүй байх, ярих шулганах, харилцах чадваргүй байх зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Ийм хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэдээсээ олон юм асуухгүй тайван байлгаж, аль болох хайрлаж, тайвшруулж байх хэрэгтэй. Мөн хүүхдээ сайн ажиглаж, аль болох эрт илрүүлж, тусламж үзүүлбэл зөв хөгжих боломжтой.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top