Ашигт малтмал олборлогч 1 шоо метр ус ашигласныхаа төлөө 561 төгрөг 90 мөнгөний төлбөр төлөх аж. Харин аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол 1 шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгөний төлбөр төлөх юм байна. Барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг бол ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө төлнө. Архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгч шоометр ус тутамд 103 төгрөг 30 мөнгө төлнө. Нэг ёсондоо аж ахуйн нэгж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйгаас хамааран усны нөөц ашигласны төлбөр төлдөг. Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Засгийн газрын 2013 оны 9-р сарын 21-ны өдрийн тогтоолоор шинэчлэн баталсан. Хэн усыг үрэлгэн зарцуулж байна, тэр өндөр төлбөр төлнө. Хэн үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлж усыг хэмнэлттэй ашиглана төдий чинээ бага төлбөр төлнө. Тогтоолын гол зорилго нь ердөө л үүнд орших бөгөөд төлбөрийн хэмжээг бүс нутгийн онцлог, Сав газар тус бүрээр тооцон тогтоожээ.
Харин төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс ус ашиглаж буй үйлдвэр, аж ахуйн нэгжид ногдох усны нөөц ашигласны төлбөрийг Сав газраар нь гаргахад Туул голын сав газарт хамгийн өндөр үзүүлэлт гарч байна. Тухайлбал, Туул голын усыг ашиглаж буй дэлгүүр, буудал, машин угаалга зэрэг үйлчилгээний газрууд, архи, ундааны үйлдвэрүүдийн төлбөр өмнөхөөсөө 3.3, хөнгөн хүнснийх 2.3 дахин өсчээ.

Сэтгэгдэл ( 0 )