“Увертюра” “Төгсгөлгүй эхлэл”-ээ дахин тоглоно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

 

Монгол попера  урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг өнгөрсөн аравдугаар сард "...Төгсгөлгүй эхлэл..." анхны бие даасан тоглолтоороо харуулсан "Увертюра" хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон билээ. Тэд энэ сарын 26-нд "UB Palace"-д "...Төгсгөлгүй эхлэл..." тоглолтоо уран бүтээлээ туурвиж эхэлсэн "Анир" дуу, бичлэгийн студийн 10 жилийн ой, үзэгчдийн хүсэлтээр ийнхүү дахин тоглохоор болжээ.
Тиймээс уг тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Анир" дуу бичлэгийн студи, ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, хөгжмийн найруулагчаар тус хамтлагийн продюсер Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг ажиллаж байгаа юм. Тоглолтод  Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг, уртын дуучин Соёлын тэргүүний ажилтан Л.Болормаа, Д.Үүрийнтуяа нарын оролцох аж. 

Үүсгэн байгуулагдаад дөрвөн жил болж байгаа "Увертюра" хамтлагийн хувьд чамлалтгүй олон уран бүтээлээ Улсын баяр наадмын нээлт хаалт болон олон улсад тоглож байсан юм.  "Өнө мөнх орон", "Цагийн аяс", "Тэнгэр ээж минь өршөө", "Халуун элгэн нутаг", "Дөрвөн цагийн тал", зэрэг Монголчуудын сонсох дуртай дуунууд болон өөрсдийн шинэ уран бүтээлүүдийг  Монгол попера урсгалд оруулан дуулсан нь үзэгч, сонсогч түмний таашаалд нийцсэн юм.  Тэр ч утгаараа энэ тоглолт үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

Мөн энэхүү тоглолтоо "Анир" студийн  10-н жилийн  ойд зоиулан үзэгчдийн хүсэлтээр тоглож байгаа бөгөөд тус студи нь ойдоо зориулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд шилдэг дуучдын хит дуунуудаас бүрдсэн "...Өчигдөр өнөөдөр маргааш.." тоглолтоо хийх бөгөөд 24-нд "UB Palace"-д "Хамтдаа 10-н жил" нэртэй хүндэтгэлийн Гала концерт, амьд хөгжмийн гайхамшигт тоглолтыг мэдрүүлэх гэнэ. Түүнчлэн "Анир" студийн 10 жилийн ойн хаалтын тоглолтыг "Увертюра" хамтлагийн ...Төгсгөлгүй эхлэл ..."-ээр үзэгчдэд хүргэж байгаа учраас үзэгч олондоо хямдралтай үнээр тоглуулан ойн арга хэмжээгээ жаргаана гэсэн шүү. Үзэгчдийн хүсэлтээр тоглогдож байгаа энэхүү тоглолтын тасалбарыг  "UB Palace"-ийн тасалбарын кассаар  худалдаалах бол 1950 үнэгүй хүргэж өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top