Ус хэмнэвэл урамшуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан гадаргын усны шоометр тутамд экологи, эдийн засгийн үнэлгээний 10, газрын доорхи усны шоометр тутамд экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиар төлбөр тооцохоор болжээ. Түүнчлэн барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд гадаргын усанд 10 хувиар /экологи эдийн засгийн үнэлгээний/, газрын доорхи усанд 15 хувиар тооцож төлбөр тогтоогоод байгаа юм.

 

Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол /326, 327/ 2013 оны есдүгээр сарын 21-нд гарсан билээ. УИХ-аас 2012 оны тавдугаар сарын 17-нд баталсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Усны тухай /шинэчилсэн найруулга/, Татварын ерөнхий хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ, хөнгөлөлтийг шинэчлэн тогтоосон юм.

 

Тогтоолын зорилго нь усны үрэлгэн хэрэглээг хязгаарлаж, нөөцийг зүй зохистой, үр ашигтай хэрэглэхэд чиглэж буй. Түүнчлэн бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэлхий нийтэд хэрэглэж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад хөрөнгө оруулалт хийх зорилготой юм.

 

Усыг хэмнэлттэй ашиглах санхүүгийн механизмыг боловсронгуй болгохын тулд усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг бүс нутгийн онцлог, сав газар бүрээр тооцон тогтоосон байна. Тодруулбал, усны нөөцийн экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үнэ цэнийг Монгол орны усны 29 сав газар тус бүрээр тогтоож бодит хэрэглээнд ойртуулах, түүнийг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг механизмыг бий болгожээ. Мөн усны нөөцийг хэмнэх, дахин ашиглах эрх зүйн орчин бий болгох, нөөцийн үнэлгээг нэмэгдүүлж, газрын доорх усны нөөцийг хэмнэх, гадаргын ус, хур тунадасны усыг хуримтлуулан ашиглах бүхий л боломжийг бүрдүүлж байгаа аж.

 

Түүнчлэн усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг огцом нэмэгдүүлэхгүйгээр тогтоож, мөн хуульд заасан нөхцлөөр усыг хэмнэлттэй ашигласан тохиолдолд хөнгөлөлт үзүүлж, урамшуулдаг болсон байна. Тухайлбал, хаягдал ус цэвэрлэж, эргүүлэн ашиглах тохиолдолд эргүүлэн ашигласан хэмжээгэр нь төлбөрөөс хөнгөлөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top