Хавартаа модод нахиалж, намартаа шувууд буцахыг олон жил хармаар байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Хоолойд “чулуу” торж, нүдэнд нулимс дүүрээд нэг л өөр өдөр. Эрлэгийн элч гэгч үхлийн айдастай нүүр тулах мөч айсуйг зөнгөөрөө мэдэрч буй хүний сэтгэлийн үгийг хүн бүр сонсоод байдаггүй биз. Хэзээ ч хамаагүй ирээд, хэн дуртайгаа хөтлөөд явчихдаг тэр элчийн өөдөөс ч үг хэлэх тэнхэлгүй, үг дуугүй бууж өгөөд л дагаад явдаг болов уу гэмээр сэтгэгдэл хааяа хааяа төрнө. Гэхдээ сэтгэлийн тэнхээ гэгч хүний амьдралыг өөрчилж, эрлэгийн элч гэх урилгагүй зочныг босго алхуулалгүй буцаадаг гайхамшигт хүчин хүнд байдаг ажгуу. Энэ бол сэтгэлийн тэнхээ, итгэл урам. Үүнийг хүн төрөлхтөн өөрөө бүтээж бас өөрөө сүйтгэдэг.

Өдгөө хүн төрөлхтөний нэгээхэн хэсэг болсон сайхан сэтгэлт Монголчууд Д.Наранчимэг гэх нэгэн бүсгүйд “Амьд явах виз”-ийг нь дарж өгчээ. Элэгний эсийн хорт хавдар гэх аюулт өвчинд нирвэгдсэн тэрбээр сэтгэлийн хат гэгч гайхамшигт увидас, сайхан сэтгэлт найз нөхдийнхөө хүчээр эрлэгийн элчийг замаас нь буцааж чадлаа. Хэдэн сарын өмнө тэр бараг л бууж өгөх дээрээ тулж байсан ч

...Үхэл чи эрлэгийн элчээ над руу илгээв үү
Үгүй дээ, би түүнд чинь хаалгаа тайлахгүй, эрт байна
Үрсээн өсөж том болохыг нь үзмээр байна
Өрх толгойлж амьдрал зохиохыг нь хармаар байна... хэмээн бичиж байсан аж. Тэрсхэн өсөж буй тавын таван хүү, хайртай ханиа, төрүүлж өсгөсөн аав ээж хоёрыг зүрхийг урж, сэтгэлийг ч сэглэхийг хэн ч бодохгүй нь лав. Тиймдээ ч  

...Ачлалт аав, элбэрэлт ээжийнхээ өмнө нь ормооргүй байна
Амьдаар нь дээлтэй нь тэднийгээ хатаамааргүй байна
Амьдралд нь нар нь болж ирсэн ганц охин үр нь шүү дээ би
Амандаа хүлхэх шахам тэд ,эрх танхи өсгөсөн шүү дээ ,намайг

Ханьтайгаа цайгаа хувааж, өтөл буурал болтлоо жаргамаар байна
Хавартаа модод нахиалж, намартаа шувууд буцахыг олон жил хармаар байна
Халуунд халж , хүйтэнд хөрж хамтдаа туулсан амьдралаа
Хаяад явахад хайран байна, би зүрхлэхгүй нь

Нарт хорвоогийн жамаас би ганцаараа гажихгүй ээ
Насны минь тоо гүйцвэл нэг л өдөр буцна
Тэр цагт чамтай би нүүр тулна байх
Тэгэхдээ чамаас айхгүй ээ, бүү горьд !

Цаг нь ирвэл би эх дэлхийнхээ хөрсөнд
Цагаан сүүний дусал мэт шингэх болно
Цайвар цэнхэр өнгөтэй турьхан яргуй болон
Цасан доороос хавар хавартаа дэлгэрнэ

Түмэн бээрийн тэртээх гүн хөх огторгуйд
Түгэн анивчих оддын нэг нь байх болно
Өглөө болгон мандах нарны цацраг бүрээр дамжуулан
Үрсдээн хайраа илгээж , ерөөл айлтгах болно

Хүсэл мөрөөдөл минь хязгааргүй, хийх ажил арвин байна
Хүний энэхэн орчлонд амьд явах,амьдрах сайхан байна,
Үхэл чи эрлэгийн элчээ
Үтэр түргэн эндээс буцаа! хэмээн нулимс дуслуулан сууж байснаа уран бүтээлдээ тусгаж.

Хүний хорвоод төрсөн хүн л юм хойно юу эсийг бодохов. Бүр “түүнтэй” эвлэрч, “элэгсэх” үе ч ирдэг аж.

...Хааяа би чамтай эвлэрнэ
Халуун нулимс л тэгэхэд ханьсана
Бодолд хургасан сүүдэр мэт
Болзоогүй байхад хүрч ирэх шиг

Өөрийн гэсэн бүгдээ орхиод
Өөр ертөнц рүү чинь одъё
Харин чи үлдсэнийг минь оролдохгүй
Хагацал надаар дууссан гэж амла

Үйлтэй хорвоогоос бүгд л цувран
Үгээ ч хэлж амжилгүй оддог нь олон
Хүлээлгийн өрөөнд байх хооронд чинь
Хүссэн болгоноо амжуулаад авъя би

Бүгдийг би амжуулж авчихаад
Бүүвэйн дуугаа үрсдэээ ганцхан аялчихъя
Хацраа ижий дээ нэг л үнэрлүүлчээд
Ханийнхаа гарыг атгачихаад ирье

Байз...
Би чинь юу гэж шалчиганаад
Бие сэтгэлээ хямрааж эхлэв
Тэгэж ярихгүй ээ хө хол хэвтэнэ
Тэвчээрээ барагдтал тэнхээгээ тасартал үзнээ чамтай

Уучлаарай ,
Намайг бууж өглөө гэж баярлав уу,чи
Найдвар надад байгаа цагт амьд байх болно би
Нар мандаж өдөр бүр шинээр эхлэхийг харна би
Надад хайртай бүгдийн төлөө амьдрах болно би” гэх мөрүүд өөрийн эрхгүй зүрх рүү хатгаж часхийлгэнэ.


Гэхдээ одоо фэйсбүүкийн найз нарынхаа сэтгэлийн дэм, итгэлийн галаар сэтгэлээ тэжээж “Амьд явах виз”-ээ даруулчихсан учраас дээрх гашуун мөртүүд түүх болон үлдэх биз ээ. Найз нарынхаа дэмжлэгээр “Амьд явах виз” номоо хэвлүүлэн нээлтээ хийсэн нь түүний “Ялалт”-ын баярт мөчүүдийн нэг байлаа. Эмчилгээ хийлгээд, шинжилгээгээ дахин дахин өгсөн ч нэг л сайн үр дүн гарахгүй байсан нь түүнд сэтгэлийн дэм гэгч “Амин дэм” л дутагдаад байсан гэлтэй. Өдгөө эхнийхээ нэг жилийн эмчилгээг дуусгаж дараагийн нэг жилийн эмчилгээгээ эхлүүлэхээр зэхэж буй. Шинжилгээний хариу ч нааштай гарч байгаа. Одоо түүнд ирэх жилийн энэ өдөр эх орондоо эргэн ирж, элэг бүтэн амьдрах хүлээлт л үлдээд байна. Тэрсхэн таван хүү нь, тэнгэр хол газар хатууг мэдэрсэн хань нь ч баярлаж байгаа.


Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин хэмээх хуучны үгэнд бат итгэсэн Монголчуудаа хандан өөрийн чин сэтгэлийн илгээмжээ дайсан нь “Өвчин хийсч ирдэггүй, хэлж ирдэг гэдгийг л ойлголоо. Залуу нас, эрүүл биеэ хайрлаж, өвчнөөс урьдчилан сэргийлж байгаарай” гэх үг. Тийм ч учраас “Амьд явах виз” номондоо “Гүргэр Монгол” хэмээх өгүүллэгийг оруулсан нь учиртай. Товчхондоо эрүүл энхийн аз жаргалаа гүрийж яваад гээхээсээ өмнө өөртөө бөхөл л гэж хэлмээр санагдлаа. Хүн төрөлхтөн бүгдээрээ л "...Хавартаа модод нахиалж, намартаа шувууд буцахыг олон жил харах..."-ыг мөрөөддөг шүү дээ.


Ж.Нарангарав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top