Албан тушаалаа урвуулан ашиглаж татварын мөнгөнөөс олон тэрбумыг шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн цагдан хорих хугацааг сунгахаар шийдвэрлэсэн ч, түүнийг Өршөөлийн хуульд хамрагдах магадлал өндөр байгаа талаар албаны эх сурвалжууд дэмий яриагүй л болов уу. Уг нь түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад анхан шатны шүүх рүү шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин мөрдөн байцаалтаар түүний хувийн дансаар бус хүүгийнх нь эзэмшдэг аж ахуйн нэгжийн дансаар 10 гаруй тэрбум төгрөг эргэлдсэн болохыг тогтоосон ч, тэр нь 2008 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлчлэлд хамруулах үндэслэлтэй гэх зүйл яригдаж байгаа юм.
Бүр тодруулбал, татвараас төрсөн тэрбумтан Ч.Гансүх нь өөрийн төрсөн эцэг Н.Чимэд болон хүүгийнхээ эзэмшдэг аж ахуйн нэгжтэй холбоотой татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлүүдийг 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн хуулиар ил болгож албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөх өршөөлд хамруулж чадаад байгаа юм байна. Гэхдээ түүнд харьяалагдах албан тушаалын хэрэг нь шүүхээр орно гэсэн мэдээлэл бий.
Ер нь түүнд холбогдох хэргийн үүх түүхийг харвал анх мөрдөн байцаалтын явцад түүнд гурван данс байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дансуудаар нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн нь илэрсэн байдаг. Түүнчлэн Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний хүү Г.Ганзул, түүний эхнэр, түүний нууц амраг ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг шалгасан. Харин шалгалтын явцад бусад хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж, Ч.Гансүхийг шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх дахин нягтлах хэрэгтэй хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон юм. Тэгснээр нийслэлийн Прокурорын газар хэргийг дахин шалгахаар болсон. Эхлээд уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурор түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэгээд харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн. Харин Нийслэлийн шүүхээс уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон ч, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар Нийслэлийн Прокурор руу буцаасан гэхчлэн ихээхэн явдал чирэгдэл болж өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн прокурорууд үүнийг нь эсэргүүцэж, дээд шатных нь шүүхэд гомдол гаргаад байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байсан юм.
Түүнийг “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэдгийг албаны эх сурвалж анх хэвлэлийнхэнд дуулгасан байдаг. Өөрийн нууц амраг болох байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 6-7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулсан, Японд сурдаг эхнэрийнхээ данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн, энэ хэрэгтээ аав, эгчийгээ татан оролцуулсан гэх мэдээлэл бий. Мөн энэ хэрэгтэй холбоотой Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат нь эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон аж. Гэтэл хэргийг шалгаж тогтоочихоод, эцэслэн шийдэх болохоор шүүх прокурорынхон хэргийг шидэлцээд байгаа дүр зураг өнгөрсөн хугацаанд харагдаж байсан бол өдгөө Ч.Гансүх өршөөгдөж мултрах магадлал нэмэгдсээр байна.
Ч.Гансүхийн нь ZTE компанийн асуудалтай холбоотой талаар ч эх сурвалжууд өгүүлж байсан. Дэлхийд харилцаа холбооны чиглэлээр тэргүүлдэг ZTE компани “Монголын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг өргөтгөх” тендерийг 45 сая ам.доллараар авахаар зүтгэж улмаар энэ бизнестээ манай улстөрчид болон тэдний гар хөл болсон албан тушаалтнуудыг ашигласны дотор Ч.Гансүхийн нэр ч байгаа аж. Учир нь, ZTE компанид санхүү, татварын шалгалтыг Ч.Гансүх гардан хийсэн бөгөөд энэ нь түүнд их мөнгө олох бас нэг суваг болж өгсөн байж болзошгүй аж. Ер нь Ч.Гансүхийн дансуудаар эргэлдсэн их хэмжээний мөнгөний цаад эх үүсвэр нь өөр бусад олон компаниудтай холбогдож байгаа аж.
Мөн тэр хэрхэн хэрэг үйлдсэн болохыг лавшруулбал, ТЕГ-т 21 жил ажилласан, тэрдундаа Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг 12 жил тасралтгүй хашсан тэрээр аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байжээ. Харин түүнд мөнгө төлөхөөс татгалзсан нэгэн компани Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар “Татвар”-ын Ч.Гансүхийн гэх алдарт хэрэг үүсээд байгаа юм. Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнтэй дотно харилцаатай гэдгийг ажлынхан нь андахгүй бөгөөд тэд хувийн харилцаанаасаа болон ажлын өрөөндөө муудалцсаны улмаас О.Бямбасүрэн амиа хорлохыг завдан судсаа ханасан хэрэг цагдаад бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр татвараас төрсөн тэрбумтан Ч.Гансүхийн гэм буруутай холбоотой асуудал энэ мэтээр урт дараалал үүсгэн хөврөх хэдий ч, хууль шүүхийн байгууллагын үүд хаалгаар ороод гарахдаа тэр тун цэвэр нэгэн болж хувирч мэдэх нь ээ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 6 )
Нүдний булай юмаа Эцэг эхийн сайн нэрийг хэдэн үедээ булшилж дээ Хүүгээ хар багаас нь хулгайч болгоод шоронгийн хадаас болгож Ийм хүү бас эцэгбайдаг л юм байна дааХанилснаа зовоож садарлана Муу бүхний үүр болж ингэж амьдрах ч гэж дээ Юу гэсэн үг вэ?
Нүдний булай юмаа Эцэг эхийн сайн нэрийг хэдэн үедээ булшилж дээ Хүүгээ хар багаас нь хулгайч болгоод шоронгийн хадаас болгож Ийм хүү бас эцэгбайдаг л юм байна дааХанилснаа зовоож садарлана Муу бүхний үүр болж ингэж амьдрах ч гэж дээ Юу гэсэн үг вэ?
Tatvar tuluud ulsen heden haltar tugruguuru ulgen salgan amidarch bhad luivarchid heden terbumaar yriad arai bish ym huulia changalj arai uuruur amidrah ymsan
МИАТ-ханыг ямар аймаар ярьж байлаа тэгвэл одоо татварынханы хэргийг хэргэсэхгүй болгох л хэрэгтэйш дээ. Тэртэй тэргүй МАН-г нам дарах л арга бас өөрсдийн хүнээ тавих башир арга л байсанш дээ. АН-ханыг ойлгодог болсон. Хаана төрийн ямар албан дээр МАН-хан байна ямар нэгэн байдлаар нэр төрийг нь гутаагаад л сүр жавхлантай хэвлэл мэдээлэлээр цацаж өгөөд шоронд хэдэн сар суулгаж эрүүл мэндийг нь золиослож өгөөд гаргадаг тэр л ажил нь явагдаж байгаа.
Hogiin yum