1928 оны арваннэгдүгээр сард Орост "Чингисийн хойч үе" кино дэлгэцнээ гарчээ. Сэтгүүлч Иван Новокшоновын тууж кино зохиолын суурь болсон гэнэ. Дуугүй киноны нэрт найруулагч Всеволод Пудовкин уг киног найруулжээ. Кинонын үйл явдал 1918 оны иргэний дайны үед өрнөдөг байна. Английн цэргүүд Монголыг эзлэн авч анчин Баяр Английн худалдаачинд үнэгний арьс зарах гэсэн нь бүтэлгүйтдэг аж. Анчин эрийг англичууд баривчилж нэгжлэг хийхэд "Үүнийг эзэмшигч нь Чингис хааны хойч үе" гэсэн бичигтэй Чингисийн пайз олддог байна. Пайзыг харсан англичууд залууг Монголын хаанаар өргөмжлөх гэж оролддог ч анчин татгалзана. Монгол залуу хотоос зугтаан гарч, Британийн штабыг устгаж, улаан партизануудтай нэгдэж байгаагаар киноны үйл явдал өрнөдөг юм байна. Гол дүрд Эрхүү мужийн Боханы уугуул иргэн 33 настай жүжигчин Валерий Инкижинов тогложээ. Цөөн тооны мэргэжлийн хэдэн жүжигчдээс бусад нь орон нутгийн иргэд тоглосон байна. Энэ кино зөвлөлтөд гарсан даруйдаа Берлинд мөн гарчээ. Энэ кино1935 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмын шагналыг хүртжээ. 1937 онд уг киног Парисын Олон улсын үзэсгэлэн дээр толилуулж байсан гэнэ. Энэ үеэр киноны гол дүрийн жүжигчин Валерий Инкижинов гэр бүлийн хамт Парист үлдсэнээс болж 1930 -аад оны дунд үеэс киног ЗХУ-д гаргаагүй юм байна. Инкижиновын нэрийг кино уран бүтээлчдийн нэрийн жагсаалтаас хасчээ. "Чингисийн хойч үе" киног 1985 онд Горькийн кино студид сэргээн, дуу оруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )