Ерөнхий прокурорын үг хөөс болж, Дээд шүүх МИАТ-ийн луйврын өмнө бууж өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

МИАТ-ийн хэрэгт холбогдогчдын цаана улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэмжээнд яригдахуйц сүлжээ маягийн бүтэц дор нэгдсэн нөхдүүд буюу хор найруулагчид нь ангид үлдчихлээ гэх хардлага,  тэднийг хоёр шатны шүүхээс 10-13  жилийн ял сонссоны дараа яах аргагүй гарч ирж байсныг эхлээд тодотгоё. Энэ хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын дээд шүүхэд болж, гаргасан шийдвэр нь нэг талаас хуулийн байгууллагынхан хэрэг үйлдэгчдийн луйврын түүхийг бүрэн сөхөж чадаагүй, хүч нь хүрээгүй юм байна гэдгийг илтгэв. Мөн их хэмжээний мөнгө угаасан гэгдэж байсан,  МИАТ-ийн удирдлагын багт ажиллаж асан зургаан этгээд хуулийн цоорхой ашиглан тоглолт хийн үйлдсэн хэргийнхээ үнэн төрхийг  өөрчлөн ялаа хөнгөрүүлж чадлаа гэж харагдаж байна. Дээд шүүх тэдэнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Тэд мөнгө угаагүй гэж зөвтгөв. Харин байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр өмнөх хоёр шатны шүүхээс оноосон ялыг нь хөнгөрүүлж, Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт тус тус гурван жил хорих ял оноов.  Харин Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Өмнө нь хоёр шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байсан. Хоёр шатны шүүхээс мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгагдаж байсан тэд ийнхүү ялаа бууруулах болсон нь тэдний үйлдсэн хэрэг нь мөнгө угаасан хэрэг биш гэж шүүхээс үзсэн учраас тэр. Тодруулбал, 2009 оны тавдугаар сараас өмнөх Эрүүгийн хуулиар Мөнгө угаах гэмт хэргийн гол эх үүсвэр нь хар тамхи, зэвсгийн наймаанаас орж ирсэн байвал энэ төрлийн гэмт хэрэгт тооцож  болохоор хуульчилсан байсан бол 2009 оны тавдугаар сарын 4-нд хуульд өөрчлөлт орж Мөнгө угаах гэмт хэрэгт  татвараас бусад төрлийн эх үүсвэрээс олсон мөнгийг хамруулдаг болсон гэнэ. Харин МИАТ-ийн гэмтнүүдийн хувьд Дайны эрсдэлийн даатгал нэрээр гадаад руу мөнгө шилжүүлсэн 17 удаагийн үйлдлийн хамгийн сүүлчийн гүйлгээ нь 2009 оны тавдугаар сарын 4-нөөс өмнө хийгдсэн учраас тэд хуулийн өөрчлөлтийн үр шимээр ийнхүү мөнгө угаагчид биш болон хувираад байна гэсэн үг. Улмаар мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэгдэн буруутгагдаж байсан тэдний гэм буруугийн зүйлчлэлийн хүч суларсан тул хүртэх ял зэм нь ч багасч байгаа янзтай.

 

Уг нь энэ хэргийн тухай баримт бүхий мэдээллүүд 2010 оноос эхлэн гарсан билээ. Харин гэм буруутнуудад хариуцлага тооцож эхэлсэн нь өнгөрсөн жил. Тэрчлэн МИАТ-ийн луйврын хэргийн ард нэр бүхий удирдлагуудаас гадна Төрийн өмчийн хорооны нэр бүхий хүмүүс,  хуулийн байгууллагынхан гэхчлэн бүхэл бүтэн бүлэглэл байгааг, тэдний учруулсан хохирлын хэмжээ өсөн нэмэгдэхээр байгааг Ерөнхий Прокурор хэлж байсан ч, одоо бол түүний үг зүгээр л хөөс болон замхарснаас өөрцгүй байна. МИАТ-аар овоглож явсан  зургаан хүн хариуцлага хүлээгээд, луйврын торыг сүлжсэн байх магадлалтай олон хүн нэр цэвэр үлдэж хоцорч байгаа харагдаж байсан бол нөгөөх ял хүлээсэн нөхдүүд ийм маягаар өршөөгдөж эхэллээ. Ер нь бол “Дайны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө шамшигдуулсан энэ хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн хооронд МИАТ компанид 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирал солигдсон байдгийг хэлэх хэрэгтэй болов уу. МИАТ-ийн өнөөгийн удирдлага ч энэхүү луйвраас ангид байгаагүй нэгэн гэдгийг илтгэх баримтууд байдаг ч, манай хууль хүчнийхэн төр засгийн эрхмүүдийн оролцоотой  ийм хэмжээний луйврыг бүрэн илчилж чадахгүй гэдгээ батлан харуулж байх шиг байна.

 

Магадгүй, тун удахгүй эдгээр нөхдүүд эрх чөлөөт амьдралдаа эргэн хөл тавихыг үгүйсгэхгүй. Манайд ийм л жишиг бий. Эрүүл мэнд муудсан, сахар нь ихэдсэн тул сэхэл авахаа байлаа гэхчлэн түмэн шалтгаан тоочиж байгаад хуулийг гууль болгон эрх чөлөөг эргэн олдог жишиг улстөртэй холбоотой том хэрэгт холбогдогчдоос харагддаг. Ямартаа л  экс удирдлагуудын хэрэгт жин дарах хувь нэмрийг оруулсан гэгдэх Ч.Хоролсүрэнг наранд гаргах ажиллагаа явагдаж байгаа тухай мэдээллийг хүргэж байсан билээ. МИАТ-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад “Монголиан эйрлайнс" компанийг байгуулж байсан түүний биеийн байдал муудаж ясны сүрьеэ гэсэн өвчний оноштойгоор эмчлүүлж байгаад, ХӨСҮТ-д хэвтэж, улмаар түнхний хагалгаанд орсон гэгдж байсан. Тэгвэл өнөөдөр түүний ял ямартаа ч буурлаа. Буруутгагдаж байсан үндэслэл нь хөнгөрлөө. Төрсөн дүүд нь холбогдох хэрэг ч хэрэгсэхгүй боллоо. Тэр энэ эрчээрээ өвдөж зовбол нэг хоёр жилийн дараа эрх чөлөөтэй алхаж  явахад гайхах юм алга болж байх шиг байна. Түүний ард улстөр, эдийн засгийн нөлөө бүхий нөхдүүд байгаа талаар өнгөрсөн хугацаанд олонтаа бичигдэж ч ирсэн. Женко Х.Баттулгатай тун ойр тэрээр МАК-ийн эзэнтэй ч эртний нөхөрлөлийн түүхтэй. Ер нь бол түүнийг удаан жилээр шоронд хатаахгүй байх хэмжээний ар тал түүнд бий. Энэ хэрэгт холбогдсон бусад нөхдүүдийн хувьд ч улстөрийн нам харгалзахгүй хэтэвчний эрх ашгаар бусадтай сүжирсэн нөхдүүд.

 

Өмгөөлөгчдөөрөө дамжуулан өөрсдийгөө гэм буруугүй гэж тунхаглаж байгаа Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нартай холбоотой баримтууд ч цөөнгүй. Гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг гэхэд Д.Баясгалан хэмээх Ерөнхий нягтлан бодогчийнхоо хамтаар Дайны эрсдэлийн даатгалын хураамжийн орлогыг өглөг болгон бүртгэж мөнгө угааж эхэлсэн анхны гүйлгээг хийсэн байдаг. Гэсэн ч өнөөдөр эдгээр нөхдүүд холбогдох мөнгө угаасан гэх хэрэг хэрэгсэхгүй болж байна. Тэд байгууллагын мөнгө л шамшигдуулсан гэнэ. Ер нь бол тун бага гэмтэй л бололтой, Дээд шүүхийнхний үзэж байгаагаар шүү дээ.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.9.91.202) 2025 оны 03 сарын 13

eruugiin huuli bolovsrongui bus baina gej helbel zuvshuurnu.

1  |  0
zochin(103.9.91.202) 2025 оны 03 сарын 13

shuuh zuv shiidehgui bol jinhene helmegduulelt uusne. Har tamhi, zevsgiin naimaanaas olson mungiig ugaasan bol mungu ugaasan gej uzne gesen huulli baisaar baihad ogt har tamhi, zevsegtei holboogui mungiig ene heregt holbogduulj bolohgui biz dee. Harin ter dooguurh shatnii shuugch nar ch dee esvel huulia meddeggui esvel tsagdaa nariin gar hul bolson heden avgai nar suudag biz. Zaaval ter deeree ochij eniigee zaalgadag haashaa uhaan muutai hullichid ve

1  |  0
х(103.23.51.7) 2025 оны 03 сарын 13

энэ эрүүгийн хууль боловсронгуй бус бна

1  |  0
х(103.23.51.7) 2025 оны 03 сарын 13

шүүхээс авилга үнэртсэн хэвээр бна яаж авилгаас салах вэ

1  |  0
mongoliin ard tumen(80.217.64.6) 2025 оны 03 сарын 13

Iim ih hemjeenii mongo idej uuchaad iin baga yl awdag bol hun buheen l mongo idcheed tsoohon heden jil suuchaad garaad iirii gsn bodoltoi l bga daa bi ch ylgaagui tegne manai huuli ch dee chaawaas.

1  |  0
аайй(182.160.1.98) 2025 оны 03 сарын 13

Ер нь бол Хоролсүрэн, Эрдэнэбилэг 2 оос бусадад нь таарсан ял байна. Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг 2-т цаазын ял ч багадна.

1  |  0
unshigch(125.34.83.180) 2025 оны 03 сарын 13

Odoo l mongoliin shuux shudarga shuudeg bolox ni. Zuboo. Yag l ezniig ni zub togtooson.

1  |  0
bold(183.177.97.14) 2025 оны 03 сарын 13

Xyniig xelmegdyylsen anxan bolon davj zaaldax shatnii shyyxiin shyyxch nart xariutslaga toots. Deed shyyx shudraga bailaa.

1  |  0
s(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

idsen uusanaa erguulj tolj chadaj bga bol yaliig ni holgoloh ni zob harin gargaj ogohgui darchihaad bga bol naad yal chini sonin l yum bna. 3 jil amraltandbga aytai l tansaglah blgui

1  |  0
zochin(124.158.93.71) 2025 оны 03 сарын 13

buruu shiidsen baisan yum bol zasaad zalruulsan baina,,,buruu shiitgel ugch xuneer tuglx l xarin xetsuu bna daa...xend itgeneeee

1  |  0
Top