Ё.Лхагвасүрэн: Монголчууд бүрэг ичимхий зангаасаа болж хууртдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Манай улсад хуурамч юань багагүй илэрч гүйлгээ хийж, зарж борлуулдаг. Иргэд хуурамч юаныг хэрхэн таних талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэнгээс  тодрууллаа.

-Хуурамч юаньг иргэд таньж мэдэхгүй нэг нэгэндээ дамжуулдаг. Мөн санаатайгаар ч борлуулдаг тохиолдол олон гардаг. Иргэд хуурамч юаныг хэрхэн ялгах вэ?

-Хуурамч юаныг шалгах хэд, хэдэн арга байдаг. Сэгсрээд үзэхэд хуурамч нь шажигнасан дуу гардаг. Мөн үнэт цаас гэдэг утгаараа дэвсгэрт дээр байдаг хүний үсний ширхэг, мөнгөний тоо бүгд товгор байдаг. Мөн хуурамч юаны усан хээ нь хэвлэгдсэн байдагаас гадна 2010 оноос хойш мөнгөн дэвсгэртүүд нь цагаан цаасан дээр үрээд үзэхээр будаг нь гардаг.

ЦЕГ-аас хуурамч юанийн асуудал дээр хяналт тавьж ажиллаж байна. Эдгээр хуурамч юань нь хаанаас орж ирж байгааг, мөн иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж байна уу гэдэг дээр хяналт шалгалт хийж байна. Орж ирсэн юань их, бага хэмжээгээр  нь хэн гэдэг хүнээр дамжиж орж байна гээд бүх хүмүүсийг бүртгээд ажиллаж байгаа. Өнгөрсөн аравдугаар сарын эхээр багахан хэмжээний хуурамч юань илэрсэн байгаа энэ ажил дээр ч гэсэн хяналт тавиад ажиллаж байна.

-Хуурамч юань ихэвчлэн Эрээнд илрээд байдаг байсан бол сүүлийн үед манайд ч их хэмжээгээр илэрдэг болж?

-Манай иргэд Эрээн рүү их худалдаа наймаа хийдэг. Ингэхдээ  их анхааралтай байх хэрэгтэй. Хуурамч юань үйлдвэрлэгчид ямар аргаар гүйлгээнд оруулж байна гэхээр багахан хэмжээний төлбөр тооцоо хийхэд нь зорчигдын анхаарлыг сарниулж байгаад өгсөн юаныг нь хуурамч юаниар сольдог. Энэ анхааралгүй байдлыг ашиглан  буцаагаад хуурамч юань өглөө хэмээн буцааж өгдөг. Хуурамч юань үйлдвэрлэгчдийн гол арга энэ. Манай монголчууд бүрэг ичимхий зангаасаа болж хаяад явчихдаг. Ингэж залилуулах магадлал маш өндөр байдаг.

-Ийм тохиолдол гарсан үед тухайн байгаа газрынхаа цагдаад хандах хэрэгтэй байх?

-Ийм хэрэг гарвал шууд цагдаа дуудаад шалгуулах хэрэгтэй. Ингэж шийдэхгүй байсаар байгаад манайд хуурамч юань ихээр орж ирдэг. Мөн их хэмжээний хуурамч юаныг санаатайгаар зарж борлуулах ийм тохиолдол байна. Санаатайгаар зарж борлуулсан хэдэн хэрэг дээр ажиллаж байна. Юаниар их хэмжээгээр гүйлгээ хийдэг хүмүүс автомат машин авах шаардлагатай. Мөн дэлгүүрүүдэд зарагддаг неон гээд цэнхэр гэрэлийг ашиглаж болно. Энэ гэрлээр мөнгөн дээр тусгаад үзэхээр дэвсгэртийн тоо нь тодорч харагддаг. Монгол төгрөгийг ч мөн адил ингэж шалгах боломжтой.

-Монгол мөнгөний тухайд хуурамчаар үйлдэх тохиолдох явдал хэр гардаг вэ?

-Сүүлийн үд монгол мөнгө асуудал болж байна. Их хэмжээгээр олон дахин давтамжтайгаар гүйлгээнд орлоо гэсэн мэдээлэл гардаг. Энэ асуудал дээр Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар банкны холбогдох улсуудтай хамтраад ажлын хэсэг байгуулаад зургадугаар сараас эхлээд ажиллаж байна.

-Энэ онд хэдэн удаа хуурамч юань илэрсэн вэ?

-Он гараад цагаан сарын өмнө найман шарга худалдааны төв дээр зарж байсан их хэмжээний хуурамч  юаныг цагдаагийн байгууллагынхан илрүүлээд ажиллаж байна. Харин сая аравдугаар сарын эхээр бага хэмжээний юань илэрсэн үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

 -Хуурамч юаныг санаатай зарж борлуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар мөнгөн тэмдэгт үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэн мөн ашигласан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох эсвэл 3-6 сар хүртэлх сараар баривчлана. Мөн 2-5 жил хүртэх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Гэхдээ хохирлын хэмжээнээс шалтгаалаад оноох шийтгэл өөр өөр байна.

Б.Анхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top