Баянгол дүүргийн ЗДТГ-ын байр ажил үйлчилгээгээ явуулахад хүрэлцээгүй учраас өргөтгөл барихаар болсон юм. Тиймээс тус дүүргийн ЗДТГ-ынхан барилгын ажлаа эхэлжээ. Гэвч дарга нарын тухлах өргөтгөлийн барилгыг барих газрыг Монгол Германы хамтарсан 38 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн талбайгаас "хумслан" авч барихаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ талаар 38 дугаар сургуулийн багш нараас тодруулахад "Манай сургуулийн эзэмшлийн талбайд дүүргийн ЗДТГ “Нутгийн хөгжлийн төв” хэмээх ордон барихаар төлөвлөөд байгаа нь үнэн" гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хүүхдүүдийн ээлжийн амралт эхэлснийг далимдуулан барилгын ажлыг эхлүүлэхээр машин ирснийг тус сургуулийн багш нар эсэргүүцэн зогсоосон аж.
“Нутгийн хөгжлийн төв” хэмээх ордонг барихаар төлөвлөөд байгаа тус газар нь хүүхдүүд цагаа зөв боловсон өнгөрөөх сагсны талбайн газар бөгөөд тус сургуулийн захиргаа сагсны талбайн шийдээ буулгаж оронд нь хөл бөмбөгийн талбай барихаар төлөвлөсөн ч газар доогуур дулааны шугам явдаг хэмээн хориглож байсан юм байна.
Тус сургууль нь хоёр байртайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 1200 хүүхэд суралцдаг байна. Сургуулийн “Б” корпус нь 1956 онд баригдсан бөгөөд барилгыг насжилтын хугацаа дууссан хэмээн шинэчлэх акт гаргасан ч шинэ байр баригдах асуудлыг эрх мэдэлтнүүд огтхон ч дурсаагүй атал газраас нь "хумслан" хөгжлийн төв барих асуудал огтхон ч асуудалгүй урагшилж байгаа нь энэ. Хичээлийн байр нь ашиглах боломжгүй болсон тус сургуулийнхан өнгөрсөн есдүгээр сарын эхний долоо хоног хичээллээд бага ангийн 600-аад хүүхдээ тус дүүргийн 78, 47 дугаар сургуульд түр хугацаагаар сургаж өнөө маргаашийг өнгөрүүлж байгаа нь бодит үнэн. Тиймээс улс эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийг сурах орчин нөхцөлөөр нь хангах асуудалд анхаарал хандуулаагүй байж "Хөгжлийн ордон" барих гэж байгаа асуудлыг 38 дугаар сургуулийн сурагчид болон багш нар эсэргүүцэж байгаа юм. Өчигдөр орой л гэхэд гурван талт хэлэлцээр зохион багуулж тус хэлэлцээрт Нийслэлийн Боловсролын газар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Оросоо мөн сургуулийн багш нар оролцсон юм.
Энэ талаар тус сургуулийн багш Л.Мижигмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай сургуулийн хэдэн м.кв газарт Баянгол дүүргийн ЗДТГ зөвшөөрөлгүй барилга барих барихаар төлөвлөөд байна вэ?
-Энэ сарын нэгэнд мэдээллийн цахим сайтад мэдээлэл гарсан байсан. Тэр нь мэдээлэл 38 дугаар сургуулийн захиргаа Баянгол дүүргийн Боловсролын хэлтэстэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Баянгол дүүргийн захирагчын алба 1970 м.кв газрыг авахаар зөвшилцөлд хүрсэн байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдрийн өглөө 05.00 цагийн үед газрын хөрсний дээж авна хэмээн том оврын машин ирсэн байсан. Түүнийг бид бүхэн эсэргүүцээд зогсоосон байгаа. Сагсны талбайд “Нутгийн хөгжлийн төв” мөн урд талд машины зогсоол барина гэж байгаа.
-Баянгол дүүргийн ЗДТГ танай сургуулийн захиралтай харилцан тохиролцоогүй байхад ийм мэдээлэл гарсан гэсэн үг үү?
-Бид бүхэн захиралаасаа асуухад дүүргээс хүн яриагүй гэж хэлсэн. Хүүхдүүд амарсан, багш нар сургалт семинарт явсан энэ үед барилгын барих газраас хөрсний дээж авах гэж ирсэн нь бид бүхэнд хачирхалтай санагдаж байна.
-Та нар нийслэлийн холбогдох албан тушаалтануудтай уулзсан уу?
-Манай багш нарын төлөөлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн туслахтай очиж уулзсан. Дүүргээс нийслэл рүү төсөв оруулсан боловч батлагдаагүй хэлэлцэгдэж байна гэсэн мэдээлэл өгсөн. Бидний эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь 1200 хүүхдийн эрх ашгийн төлөө тэмцэж байна. Манай сургуулийн хүүхдүүдийн тоглодог талбай, эрүүл аюулгүй амьдрах боломжинд халдаж байна. Сургуулийн хажууд авто машины зогсоол баригдвал хүүхдүүд тоглох газаргүй болно. Мөн хүүхдүүд германы диплом олж авах боломжийг үгүй болгож байна.
-Энэ ажиллагааг таслан зогсоох эсэргүүцэлээ илэрхийлсэн хэвлэлийн бага хурал болох байсан ч яамнаас хориг тавьсан гэж яригдаад байна. Энэ үнэн үү?
- Бид бүхэн хэвлэлийн бага хурал хийх газартаа мөнгөө төлөөгүй байсан учраас хойшилсон. Боловсролын яамнаас хориглосон зүйл байхгүй. Ямар ч байсан “Нутгийн хөгжлийн төв” хэмээх ордонг бариулахгүй гэдэг дээр манай багш, сурагчид нар бүгд санал нийлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Bidnii hoich uy yagaad guij haraih, zavsarlaga choloot tsagaaraa surguuliinhaa oir orchind zugaalah suuj narlah talbaigui baih yostoi gej. Zasag dargiin ene shiidver uneheer ilt huuli bus shiidver b.a Surguuliin udirdlaga ni jinhene bagsh bogood huuhdiin toloo zohiloh zurhtei bol alban tusaaltnuudad buuj ogolgui, surguuliinhaa ezemshil gazriin toloo temtseh heregtei!!!